ДХБ: Дэлхийн худалдааны өсөлт 2023 онд эрс саарна

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-10-06 14:29:24

ВАШИНГТОН. /Xinhua/. Дэлхийн эдийн засагт тулгарч буй олон цочролын нөлөөгөөр дэлхийн худалдааны өсөлт 2022 оны хоёрдугаар хагаст эрчээ алдаж, 2023 онд үргэлжлэн саарах төлөвтэй байна гэж Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ лхагва гарагт мэдэгдлээ.


ДХБ-ын эдийн засагчдын мэдэгдэлд дурдсанаар, дэлхийн худалдааны эргэлт 2022 онд 3.5 хувиар өсөх төлөвтэй байгаа нь энэ оны дөрөвдүгээр сарын төсөөллөөс /3.0 хувь/ бага зэрэг өссөн үзүүлэлт болж байна. Гэсэн хэдий ч 2023 онд 1.0 хувиар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх төсөөлөлтэй /3.4 хувь/ харьцуулахад эрс буурсан үзүүлэлт боллоо.


Тус байгууллагын шинэ төсөөллөөр, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 2022 онд 2.8 хувиар, 2023 онд 2.3 хувиар өсөх тооцоотой байгаа бөгөөд сүүлийн үзүүлэлтийн хувьд өмнөх таамаглалаас 1.0 хувиар буурсан байна.


Дөрөвдүгээр сард Украины зөрчил дөнгөж эхэлж, үр дагавар нь тодорхойгүй байсантай холбоотойгоор өсөлтийн төсөөллийг загварчлалд тулгуурлан гаргасан тул ирэх оны хувьд хэт өөдрөг таамаглал гарсан гэдгийг ДХБ-ын эдийн засагчид лхагва гарагт онцолжээ. Түүнээс хойш эрчим хүчний үнэ огцом өсөж, инфляцын түвшин ихээхэн нэмэгдсэнээс гадна зөрчил намжих шинжгүй хэвээр байгаа юм.


Эдийн засагчдын тайлбарласнаар, томоохон эдийн засагтай орнуудын өсөлт янз бүрийн шалтгаанаар саарч байгаатай холбоотойгоор импортын эрэлт буурах төлөвтэй байна.


Орос-Украины зөрчлөөс үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт Европт өрхийн зарлага, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байгаагаас гадна АНУ-д мөнгөний бодлогыг чангатгаж байгаа нь хүүд мэдрэмжтэй салбаруудад сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.


Мөн түлш, хүнс, бордооны импортын төлбөр нэмэгдэж байгаа нь хөгжиж буй орнуудын хүнсний аюулгүй байдалд нөлөөлж, өрийн дарамтад хүргэж болзошгүй байна.


Бодлого боловсруулагчид инфляцыг тогтоон барих, ажлын байрыг хадгалахтай зэрэгцэн цэвэр эрчим хүч рүү шилжих тэргүүтэй бодлогын чухал зорилтуудыг хэрэгжүүлэх оновчтой тэнцвэрийг олохыг хичээж байгаа тул хүндхэн сонголтуудтай тулгарч байна гэж ДХБ-ын тэргүүн Нгози Оконжо-Ивеала ярьжээ. 

Холбоотой мэдээ