Төрийн захиргааны байгууллагуудад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-06 14:16:36
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ХБНГУ-ын Конрад Аденауэр сантай хамтран "Төрийн бүтээмж" сэдэвт үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус чуулганд яам, агентлаг болон аймаг, орон нутгийн төлөөлөл 120 гаруй хүн оролцож байна.


Чуулганы эхэнд ЗГХЭГ-ийн Тэргүүн дэд дарга Б.Ганбат төрийн захиргааны байгууллагын бүтээмжийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл танилцууллаа. Тэрбээр “Засгийн газраас төр, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой үйл ажиллагааг эрхлэхгүй, өрсөлдөхгүй байх, төрийн албан хаагчдын чадавх, нөөцийг үр ашигтай ашиглах, байгууллага хоорондын зорилт, чиг үүргийн давхардлыг арилгах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Төрийн бүтээмжийн үндэсний хороо байгуулж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг өөрчлөн зохион байгуулах асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Цаашид төрийн байгууллагын үйл ажиллагааг үйлчилгээ төвтэй болгож, иргэдэд илүү ойлгомжтой, ил тод, хүртээмжтэй болгох, цахимжуулах замаар олон улсын стандартад нийцүүлэн ажиллана” гэв.


Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг чуулган өнөө жил төрийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагааны явц, үр дүнг хэлэлцэж, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх зорилго дэвшүүлжээ. Энэ талаар  ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн “Төрийн бүтээмжийн асуудал бол “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан нэг том зорилт. Нэн тэргүүнд төрийн хүнд суртлыг бууруулах, төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцийг оновчтой тодорхойлох шаардлагатай. Энэ хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд, төрийн байгууллагуудад чанарын менежментийг тогтолцоог нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Өнөөдрийн байдлаар 14 аймаг, найман суманд энэ стандартыг нэвтрүүлээд байна. Эхний ээлжинд аймаг, нийслэлийн хэмжээнд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий” гэлээ.


Мөн тэрбээр өнөөдрийн чуулганд ХБНГУ-ын Заарланд муж улсад төрийн бүтээмжийн чиглэлээр ажилладаг хоёр мэргэжилтэн оролцон илтгэл тавьж, туршлагаасаа хуваалцаж байгааг дурдаад, манай улс төрийн бүтээмжээр дэлхийн түвшинд хаана яваагаа мэдэх, хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудынхаа үр дүнг сайжруулах, олон улсын стандарт нийцүүлэхэд ач холбогдолтой гэдгийг онцлов.


Холбоотой мэдээ