ТӨВ: "Шинэ зууны боловсрол-Залуу үеийнхэн" үйл ажиллагааг зохион байгууллаа

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-10-06 08:30:21

Төв /МОНЦАМЭ/ Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь жилийн баярын өдрийг тохиолдуулан "Шинэ зууны боловсрол-Залуу үеийнхэн" үйл ажиллагааг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү өдрийг боловсролын салбарын шинэчлэлд аймгийн залуу багш нарын манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх, үүрэг оролцоог идэвхжүүлэх уриан дор тэмдэглэж байна. Энэ өдөр багш нарын баярын хурал, сургалт, зөвлөгөөн, сурагчдын нэг өдөр зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.


2022-2023 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 31 сургууль, 45 цэцэрлэг, 2 МСҮТ, 2 Политехник коллежид 2640 багш, ажилтан ажиллаж, 27200 суралцагч суралцаж байна. Улс, аймгийн хөрөнгө оруулалтаар багш, ажилтан, суралцагчдын суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн 7 сургууль, 17 цэцэрлэг, 11 дотуур байрыг шинээр барьж байгуулан олон улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 22 сумын 11 сургууль, 6 дотуур байр, 7 цэцэрлэгийг стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгосноор Ерөнхий боловсролын сургуулийн 91 хувь, дотуур байрны 96 хувь, цэцэрлэгийн 88 хувьд эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүллээ.


Аймаг боловсролыг хөгжүүлэх бодлогын залгамж халааг ханган, “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч”, Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг сайжруулах”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр”, “Оюунлаг Төв аймаг” хөтөлбөрүүд, “Хичээл судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье” аяныг боловсруулан хэрэгжүүлж, зохих үр дүнд хүрээд байгаа юм.



Баяр хурлын үеэр Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хэлсэн үгэндээ: Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн өнөөгийн боломж, цаашдын чиг хандлагад нийцүүлэн боловсролын материаллаг орчныг сайжруулах, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг тодорхой асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бодитой үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлсэн.


Мөн салбарын эрх зүйн орчинд томоохон өөрчлөлтүүд гарснаар сургуулийн бие даасан байдал бодитойгоор хангагдаж, хүүхэд хөгжил хамгаалал, цахим сургалтын хөтөлбөр шинэ түвшинд гарч, үүнийгээ дагаад багш, удирдах албан тушаалтны хувь хүний хөгжлийн асуудал бодитоор хөндөгдөж байна. Боловсролын салбарын тулгамдсан асуудлын нэг нь өнөөдөр сургалтын чанар хийгээд Багшийн цахим хөгжил болоод байна. Иймд бүх шатны сургалтын байгууллагын багш бүр хичээл сургалтын бэлтгэлийг технологийн өндөр түвшинд ханган, үр дүнтэй хэрэгжүүлж, суралцагчийн хөгжил, төлөвшилд ахиц гаргахын тулд өөрсдийн үйл ажиллагаа, сургалтын чанар үр дүнд бодитой дүн шинжилгээ хийн, үнэлгээ дүгнэлт өгч, гарц, шийдлийг зөв тодорхойлох шаардлагатай.

Дээрх асуудлыг шийдвэрлэхэд энд хуран цугласан эрхэм залуу багш та бүхний оролцоо, манлайлал чухал бөгөөд Цахим орчинд манлайлах, арга туршлагаа түгээн дэлгэрүүлэх, сургалтын чанарт ахиц гаргаж, цахим сургалтын орчин бүрдүүлэх, хүүхэд хөгжил хамгааллын асуудалд онцгой анхаарах шаардлага байсаар байгааг цохон тэмдэглээд боловсролыг хувирган өөрчлөх хүмүүс бол залуу багш та нар юм” хэмээн онцоллоо.



Холбоотой мэдээ