БТСУХ-ны төлөөлөгчид Ховд аймагт ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-05 08:42:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, тус хорооны ХШҮДАХ-ийн дарга Н.Батсүх, СХОХ-ийн барилга хариуцсан мэргэжилтэн Д.Энхээ нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Ховд аймагт ажиллав.

 

Тус аймгийн Ховд хот болон Мянгад, Зэрэг, Дарви сумдад баригдаж байгаа болон шинээр ашиглалтад орсон спортын барилга, байгууламжтай танилцав.

 

Энэ үеэр БТСУХ-ны төлөөлөгчид Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай ажлын уулзалт хийж, аймгийн төвд байрлалтай усан спортын төвийг аймгийн иргэд, олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй ашиглах талаар ярилцан аймгийн спортын ордны их засварыг хийх, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан хуучин спорт заалны асуудлыг цаашид хэрхэх зэрэг асуудлыг ярилцав. Мөн иргэдийн эрүүл, зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой орон нутгийн онцлогт суурилсан /брэнд/ нийтийн биеийн тамир, спортын төрөл, арга хэмжээг хөгжүүлэх санал, төлөвлөгөөний талаар санал солилцлоо.


 

БТСУХ-ны төлөөлөгчид тус аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, удирдлага, ажилтнуудтай уулзсан юм. Мянгад суманд очиж 2021 онд БТСУХ-ны захиалгаар ашиглалтад орсон спортын заалны ажил, үйлчилгээний талаар сумын Засаг дарга М.Баатар болон биеийн тамирын хичээлийг өдрийн цагаар явуулж байгаа ЕБС-ийн захирал, багш, хүүхдүүдтэй уулзсан байна.


 

Сумын удирдлагаас спортын заалны дээвэр, шал чанаргүй хийгдсэн, дулаан алдалт их, спортын хэрэглэл, материал дутагдалтай байгааг дурьдан цаашид энэ чиглэлийн ажилд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан тус спортын заалыг сумын иргэдэд нээлттэй, хүртээмжтэй ашиглах, суманд спортын арга зүйчтэй болж, заал ашиглалтад анхаарч ажиллах зөвлөмж, чиглэл өгөв.



 

Мөн Ховд аймгийн Жаргалант, Зэрэг, Дарви сумын спортын төвийн барилгын гүйцэтгэл явц, үйл ажиллагаатай захиалагчийн хувиар танилцаж, гүйцэтгэгч компанийн захирал, инженер болон тухайн сумын удирдлагатай газар дээр нь уулзан хөрөнгө оруулалтын ажлыг чанартай хийж, цаг хугацаандаа дуусган ашиглалтад өгөх талаар ярилцан захиалагчаас холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болов. Гүйцэтгэгч компанийн удирдлагууд нь “Ковид-19” цар тахлын хязгаарлалт, барилгын материал, тэр тусмаа цементийн үнийн өсөлт, Улаанбаатараас татан авалт хийх тээврийн зардлын өртөг нэмэгдсэн болон хилээр оруулж ирэх зэрэг хүндрэлтэй асуудал нөлөөлж буйг онцолж байв.

Холбоотой мэдээ