Дорноговь аймаг түүх, соёлын үл хөдлөх 350 гаруй дурсгалыг бүртгэн баримтжуулаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг зохион байгуулж байна.
Тус аймгийн Соёл, урлагийн газрын дарга У.Ганбаатараар ахлуулсан ажлын багийн бүрэлдэхүүнд Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Баянжаргал, Музей Сургалт судалгааны төвийн захирал Л.Эрдэнэбат, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн О.Оюунцэцэг, Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёлын улсын байцаагч Ц.Оюунтуяа, Музей сургалт судалгааны төвийн бүртгэл мэдээллийн санч Л.Отгонжаргал, Музей сургалт судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан А.Уранжаргал, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ю.Баярмаа, Соёл урлагийн газрын соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Лхагвасүрэн нар ажиллаж байна.
Ажлын баг Дорноговь аймгийн 13 сумын нутагт 11200 орчим км туулж 432 дурсгалт газрын 2600 дурсгалыг бүртгэн баримтжуулахаар төлөвлөснөөс Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутаг дэвсгэрт нийт 3000 орчим км зам туулан 151 дурсгалт газар орших 350 гаруй дурсгалыг гэрэл зургаар баримтжуулаад байна.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хэвийн үргэлжилж байна.


