“Өвөрмонголын соёлын өдрүүд” эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-29 12:56:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” уриатай “Өвөрмонголын соёлын өдрүүд” өнөөдрөөс эхэллээ.


“Өвөрмонголын соёлын өдрүүд”-ийн нээлтийн хэвлэлийн хурал өнөөдөр цахимаар болсон юм.  Ирэх сарыг дуустал цахимаар үргэлжлэх “Өвөрмонголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд:


-ӨМӨЗО-ны Урлагийн дээд сургуулийн хамт олны найруулсан “Тал нутгийн баатар бяцхан эгч дүү” жүжиг толилуулна.

-ӨМӨЗО-ны Урлагийн театрын Цэргийн чуулгын “Цэргийн жүжиг” жүжиг толилуулна.

-Өвөрмонголын гэрэл зурагчдын нэгдлийн “Өвөрмонгол бүгд үзэсгэлэнтэй” цахим гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэнэ.

-Нийт 8 уран сайхны киног цахимаар толилуулна.

-“Хятадын сонгодог утга зохиолын дээж” цуврал номыг Монгол Улсад хүлээлгэн өгч Хятадын шүлгийн танхим нээнэ.

-Монгол, Хятадын дууны уралдаан зохион байгуулна.

-ӨМӨЗО-ны Анагаах ухааны дээд сургуулийн Хятад эмнэлгийн тасаг, Монгол эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд цар тахал, үе мөч, цусны өвчин, зүрхний шигдээсийн эмчилгээний талаар лекц уншина.


Хэвлэлийн хурлын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй: Монгол, БНХАУ уул усаар мөнхөд холбогдсон алтаар сольшгүй хөрш билээ. Хоёр орны харилцаа сайн сайхан хөгжлөө хадгалж, бүхий л салбарын хамтын ажиллагаа үр дүнгээ өгч, иргэдэд бодит ашгаа өгсөн байна. ӨМӨЗО Монгол Улстай өрнүүлэх хүмүүнлэгийн солилцоог чухалчлан үздэг. Сүүлийн жилүүдэд цар тахлын нөлөөг даван туулж, цахимаар олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, иргэдийн харилцааг хөгжүүлэхэд тулгуур болж байна. Монгол, Хятадын соёл өөр өөрийн өвөрмөц онцлогтой бөгөөд баялаг түүхтэй. Соёлын харилцааг хөгжүүлснээр иргэдийн ойлголцлыг нэмж, найрсаг хамтын ажиллагаа хөгжих юм. Энэ удаагийн “Өвөрмонголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд ӨМӨЗО-ны соёл урлагийн тоглолтыг зохион байгуулж, үзэсгэлэн дэлгэж, ном хэвлэл түгээж, дууны тэмцээн, анагаах ухааны илтгэлийг цахимаар зохион байгуулах болно. Ингэснээр Монгол, БНХАУ-ын найрамдалт хараилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.


Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн: Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн харилцааг хөгжүүлэх тухай тунхаглал болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 2009 оноос хойш “Өвөрмонголын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын амаргүй цаг үед хоёр талын хүчин чармайлтаар дээрх үйл ажиллагааг тасалдуулалгүй, цахимаар зохион байгуулж буйд баяртай байна. Хоёр орны он удаан жилийн түүхтэй найрамдалт харилцааг хөгжүүлэхэд бидний хамтран зохион байгуулдаг “Өвөрмонголын соёлын өдрүүд” олон утга агуулгаар баяжин, өргөжинө гэдэгт итгэлтэй байна.


МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Б.Ууганбаяр: Шинэ мянган, шинэ зуун эхэлснээс хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон шинэлэг агуулгаар баяжин хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд МСНЭ болон Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум”-ыг зохион байгуулах, Соёлын өдрүүдийг сурталчилах ажилд өндөр үүрэгтэй оролцож ирлээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож, нэгнээ дэмжиж байгаа нь хоёр орны олон зуун жилийн түүхтэй сайн хөршийн харилцаанд нэгэн шинэ өнгө аяс, дуу хоолой болж байна. Монгол, БНХАУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л шатанд харилцан ашигтай хамтын ажиллагаа болгон хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбар чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. БНХАУ-ын Соёлын өдрүүдийг Монгол Улсад зохион байгуулах бүрд манай улсны хэвлэл мэдээллийн салбарынхан манлайлан оролцож, сурталчилан таниулахад анхаарч ирснийг цохон тэмдэглэж байна. Цаашид ч манлайлан оролцох болно.


ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга Үнэнч: Дипломат харилцаа тогтоосноос хойш 70 гаруй жилийн хугацаанд Монгол, БНХАУ нөхөрсөг байж, хамтран ажиллаж, хамтаар хөгжиж ирсэн билээ. “КОВИД-19” цар тахал дэлгэрснээс хойш талууд эвээ нэгтгэн, хонины хариуд цай бэлэглэсэн нь хоёр улсын найрамдалт харилцааны дурсгалт үеийг бичсэн юм. Үүнээс хойш хоёр орны дээд хэмжээний харилцан айлчлал тасралтгүй үргэлжилж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо илэн далангүй солилцож байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцааны цаашдын хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлсон. Цар тахал дэлгэрснээс хойш соёлын салбарын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж байна. Энэ нь соёлын солилцооны шинэ загварыг бий болголоо. Энэ жилийн “Өвөрмонголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд цахим тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж, олон ангит уран сайхны кино, ном хэвлэл, дууны уралдаан, эрүүл мэндийн лекц зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ