ЭЗХАХБ дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулжээ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-09-27 16:30:33

ПАРИС. /Reuters/. Эрчим хүч, инфляцын хямрал томоохон эдийн засагтай орнуудыг эдийн засгийн уналтад оруулах эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ даваа гарагт мэдээлжээ.


Хэдийгээр дэлхийн эдийн засаг энэ онд 3.0 хувиар өсөх төлөвтэй хэвээр байгаа ч 2023 онд 2.2 хувиар өсөх тооцоотой байна гэж ЭЗХАХБ-ын Эдийн засгийн хэтийн төлөвийн сүүлийн тайланд дурджээ. Зургаадугаар сарын төсөөлөлд ирэх онд эдийн засаг 2.8 хувиар өснө гэж таамаглаж байсан юм.


Францын нийслэл Парис хотноо төвтэй тус байгууллага Украин дахь Оросын дайны үр дагаварт хамгийн их нэрвэгдэж байгаа Европын хэтийн төлөвийн талаар онцгой санаа зовниж байна. Ирэх оны дэлхийн үйлдвэрлэлийн гарцыг Орос Украины руу довтлохоос өмнөх үеийн төсөөлөлтэй харьцуулахад 2.8 их наяд ам.доллароор буурах төлөвтэй байна. Энэ нь Францын ДНБ-тэй тэнцэх үзүүлэлт юм.


“Оросын ямар ч үндэслэлгүй, хууль бус түрэмгий дайны дараа дэлхийн эдийн засаг эрчээ алдсан. Олон оронд ДНБ-ий өсөлт зогсонги байдалд орж, улмаар эдийн засгийн үзүүлэлтүүд саарч байна” гэж ЭЗХАХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Матиас Корманн ярьжээ.


Еврогийн бүсийн эдийн засаг энэ онд 3.1 хувиар өсөх бол ирэх онд 0.3 хувьд хүрч саарна гэж тус байгууллага төсөөлж байна. Энэ нь зургаадугаар сарын хэтийн төлөвөөс эрс буурсан үзүүлэлт бөгөөд үүнд еврогийн бүсийн эдийн засгийг ирэх онд 1.6 хувиар өснө гэж таамаглаж байсан юм.


ЭЗХАХБ мөн Оросын хийгээс ихээхэн хамааралтай Германы эдийн засгийн ирэх оны өсөлтийг өмнөх төсөөллөөс 1 нэгж хувиар бууруулан 0.7 хувьд хүрнэ таамаглажээ. Мөн АНУ-ын эдийн засгийг энэ онд 2.5 хувиар, ирэх онд 1.2 хувиар өснө гэж төсөөлж байснаа бууруулж 1.5, 0.5 хувьд тус тус хүргэсэн байна.


БНХАУ-ын хувьд “COVID-19”-ийн тархалттай тэмцэх хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаатай  холбоотойгоор эдийн засаг нь энэ онд 3.2 хувь, ирэх онд 4.7 хувиар өсөх тооцоотой байна. Үүнийг зургаадугаар сард 4.4, 4.9 хувь байсантай харьцуулахад мөн л буурчээ.


Томоохон эдийн засагтай орнуудын хэтийн төлөв огцом саарч байгаа хэдий ч ЭЗХАХБ инфляцыг тогтоон барихын тулд хүүг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд ихэнх томоохон төв банкуудын бодлогын хүү ирэх онд 4 хувьд хүрнэ гэж таамаглаж байна.


Олон орны Засгийн газар өрх, аж ахуйн нэгжүүдэд өндөр инфляцыг даван туулахад нь туслах зорилгоор тусламжийн багцыг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор ийм арга хэмжээ нь хамгийн их хэрэгцээтэй байгаа хүмүүсийг чиглэж, үнэ өртгийг бууруулан, COVID”-ын дараах өндөр өрөнд нэмж дарамт учруулахгүйн тулд түр зуурынх байх ёстой гэж ЭЗХАХБ мэдэгджээ. 

Холбоотой мэдээ