ГОВЬ-АЛТАЙ: “Хавдаргүй монгол эмэгтэй” төсөл Бигэр сумаас эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-09 11:38:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл Говь-Алтай аймгийн бүх суманд хэрэгжихээр есдүгээр сарын 8-нд Алтай хотноо нээлтээ хийлээ.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэрэгжүүлж буй “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хүсэлтээр есдүгээр сарын 8-наас эхлэн Говь-Алтай аймгийн бүх суманд нэг сарын хугацаанд өрнөх бөгөөд төсөл Бигэр сумаас эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, ХСҮТ-ийн “Хөхний төв”-ийн эрхлэгч П.Батсүх, ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч Г.Ням-Од, МЭХ-ны Соёлын илч түгээгч МУСТА дуучин С.Гантогоо, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Энхнаран нарын хүндэт зочид оролцож, Алтай нутгийн охид эмэгтэйчүүдэд холбогдох мэдээлэл өгөв. 

Төслийн хүрээнд Явуулын эмнэлэг умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн боловсрол олгох бөгөөд сумдын эрүүл мэндийн төвийн эмч нарт хавдрын эрт илрүүлэг хийх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө хэмээн холбогдох албанаас мэдээлэв.

Төслийн хүрээнд сумдын дотуур байранд “BOX” байршуулж охидод яаралтай хэрэгцээтэй үедээ авч хэрэглэж байх ариун цэврийн хэрэглэлийг хийх аж.

Сонирхуулахад, Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажилладаг БНСУ-ын түнш байгууллагаас эхний ээлжинд 1.000.000 /нэг сая/ ширхэг ариун цэврийн хэрэглэлийг хандивлажээ.

Холбоотой мэдээ