Р.Сингх хоёр талын харилцааг бэхжүүлэхээр Монголын эрх баригчидтай уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-09-07 14:33:57

ШИНЭ ДЕЛИ. /The Indian Express/. Монгол Улсад айлчилсан Энэтхэгийн анхны Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх мягмар гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй өндөр дээд түвшний төлөөлөгчидтэй уулзаж, хоёр орны олон талт стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх арга замын талаар хэлэлцлээ.


Р.Сингх даваа гаргаас эхлэн Монгол, Японд таван өдрийн айлчлал хийж байгаа бөгөөд тус хоёр оронтой стратеги, батлан хамгаалахын харилцааг бэхжүүлэх зорилготой байна. Монголд есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд хийх түүний айлчлал нь Энэтхэгийн Батлан хамгаалахын сайдын хувиар тус улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой.


“Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Улаанбаатар хотноо сайхан уулзалт хийлээ. Түүнтэй хамгийн сүүлд 2018 онд Ерөнхий сайдын алба хашиж байхад нь уулзаж байсан. Бид Монгол Улстай олон талт стратегийн түншлэлийн харилцаагаа улам бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байна” гэж Р.Сингх “Twitter” хуудсандаа нийтэлжээ.


Мөн тэрбээр, “УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсандаа баяртай байна. Буддын шашныг түгээн дэлгэрүүлэх үйлсэд тууштай дэмжлэг үзүүлсэнд нь талархал илэрхийлэв” гэж өөр нэгэн жиргээндээ бичсэн байна.


Р.Сингх, Монголын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар Энэтхэг-Монголын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцжээ.


“Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Монголд анх удаагаа айлчлах үеэрээ хүндэт харуулын бүрэлдэхүүнтэй танилцаж, Монголын Батлан хамгаалахын сайд, генерал Г.Сайханбаяртай батлан хамгаалахын хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг бэхжүүлэх талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ” гэж Улаанбаатар дахь Энэтхэгийн Элчин сайдын яамнаас мэдээлжээ.


Монголд айлчилсныхаа дараа Р.Сингх Японд есдүгээр сарын 8-9-ний өдрүүдэд хоёр өдрийн айлчлал хийнэ. Есдүгээр сарын 8-ны өдөр “2+2” хэлбэрийн уулзалт болно. Энэхүү яриа хэлэлцээ нь Японы Ерөнхий сайд Кишида Фүмио жил тутмын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Энэтхэгт айлчилснаас зургаан сар гаруйн дараа болох юм.


Энэтхэгийн Батлан хамгаалах яам Р.Сингхийн Монголд хийх айлчлалын талаар ням гарагт мэдээлэхдээ, энэхүү айлчлал нь хоёр орны батлан хамгаалахын хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ гэдгийг онцолжээ.


Мөн хоёр ардчилсан орон бүс нутагтаа энх тайван, хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжих нийтлэг ашиг сонирхолтойг тэмдэглэхийн сацуу Энэтхэг, Монгол орнууд стратегийн түншлэлийн харилцаатай бөгөөд батлан хамгаалах салбар нь энэхүү түншлэлийн гол тулгуур гэдгийг дурджээ.


Хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цаг хугацааны явцад өргөжин тэлж, хоёр орны хамтарсан ажлын хэсгийн уулзалт, цэрэг армийн солилцоо, чадавхийг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөр зэрэг өргөн хүрээний үйл ажиллагааг хамарч байна.


Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сард Монгол Улсад айлчилсан нь батлан хамгаалах, аюулгүй байдал зэрэг олон салбарын харилцаанд шинэ эрч авчирсан юм. Айлчлалын үеэр Энэтхэг улс Монгол Улсад дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулж нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдэж, стратегийн түншлэлийн харилцаагаа өргөжүүлсэн билээ.


Мөн Энэтхэг-Монголын “Нүүдэлчин заан” хамтарсан цэргийн сургуулилалт жил бүр болдог бөгөөд сүүлийн хоёр сургуулийн хувьд 2018 оны есдүгээр сард Улаанбаатарт, 2019 оны 10 дугаар сард Химачал Прадеш мужид болсон юм.

Холбоотой мэдээ