Германаас Украинд 200 сая еврогийн нэмэлт тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-09-05 12:12:35

БЕРЛИН. /DW/. Германы Засгийн газар Украинд 200 сая еврог /199 сая ам.доллар/ дотооддоо дүрвэсэн хүмүүст туслах тусламжийн хөтөлбөрүүдэд зориулан олгоно гэж Германы Хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Свенья Шульце мэдээлжээ.


“Бидний үзүүлэх шинэ тусламжийн дийлэнх хэсэг нь Украины Засгийн газраас хэрэгжүүлж буй дотооддоо дүрвэгсдийг дэмжих хөтөлбөрт зориулагдах бөгөөд дүрвэсэн хүмүүст үндсэн хэрэгцээгээ хангахад туслах зорилготой юм” гэж С.Шульце “Funke Media” сонинд ням гарагт мэдээлсэн байна.


Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль Берлинд хүрэлцэн ирж, С.Шульце болон Германы Канцлер Олаф Шольц нартай уулзах төлөвтэй байгаа юм. Энэ талаар Хөгжлийн асуудал эрхэлсэн сайд хэлэхдээ, миний бие Ерөнхий сайд Д.Шмыгальтай дүрвэсэн хүмүүст туслах чиглэлд Украины Засгийн газарт хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар ярилцана гэсэн байна.


НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээллээр, Оросын цэргийн довтолгоо хоёрдугаар сарын сүүлээр эхэлснээс хойш Украинд ойролцоогоор долоон сая хүн дотооддоо дүрвээд байна. 

Холбоотой мэдээ