Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын бүтцэд шинэ яам байгуулаагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-08-29 20:20:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон  Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон ажлын зохион байгуулалттай холбогдох хуулийн зохицуулалтыг нийцүүлэх хууль зүйн шаардлага үүссэн. “Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан хилийн боомтын болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах асуудал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний болон мэргэжлийн спортыг дэмжих асуудлын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангах эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг шинээр бий болгох зайлшгүй нөхцөл байдал тулгараад байна. Энэ хэрэгцээ шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан юм.


Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар төлөвлөжээ.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх санхүү, эдийн засгийн боломж байгаа эсэх, Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлэхийг тодруулав.


"Шинэ сэргэлтийн бодлого"-ын 47 том төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засаг сэргэнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Тэрбээр, “Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хараат. Энэ жил Гашуунсухайтын төслийг ашиглалтад оруулна. Мөн Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулна. Шивээхүрэн, Бичигтийн боомтын ажлыг эхлүүлж, экспортыг нэмснээр эдийн засагт үр нөлөө бий болно. Манайд боомт хариуцсан бүтэн цагийн ажилтай хүн байдаггүй. Нэг сайд 100 орчим ажлын баг ахалдаг. Тиймээс цогц байдлаар авч үзэхийн тулд, нэгдсэн удирдлагаар зохицуулахын тулд Боомтын үндэсний зөвлөл, хариуцсан сайд шаардлагатай. Эдийн засгийн хөгжлийн яам улс орны бодлогыг хариуцах нэгдүгээр яам болно. Харин сайдад нэр дэвшигчдийн асуудлыг оруулж ирэх үед тухайн салбартай холбоотой тайлбар авах боломжтой” гэлээ.


УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Засгийн газрын бүтэцэд шинээр яам байгуулах эсэхийг тодрууллаа.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Нэг ч яам нэмээгүй. Өмнө нь баталсан Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим бодлого, харилцаа холбооны яам сайдтай болж байна. Өнгөрсөн цаг хугацаанд Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд хариуцаж байсан нь зөв байлаа. Цаашдаа Эдийн засаг, хөгжлийн яам сонгодог агуулгаар бодлого төлөвлөлтийг хийнэ. Эрхлэх асуудлын хүрээнд яамгүй гурван сайд. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын сайд гэдэг нь ЗГХЭГ-ын даргын статустай адилхан хэмжээнд орж ирж буй. Энэ сайдууд бол яамгүй байна. Холбогдох үндэсний хороогоор дамжуулж нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын зохицуулалт хийнэ” хэмээв.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Холбоотой мэдээ