ГОВЬ-АЛТАЙ: "Ургацын баяр-2022" үйл ажиллагаа Бигэр суманд боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Ургацын баяр -2022" үйл ажиллагаа Бигэр суманд наймдугаар сарын 25-нд боллоо.
Үүнд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын "2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан тэргүүлэх 4 төсөл, арга хэмжээг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, сумдын тариаланчид, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм.
Мөн үеэр "Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил" төслийн хүрээнд хийж байгаа цэвэрлэх байгууламж, 120 айлын орон сууцны ажлын үйл явц, мод үржүүлгийн талбайг нийт зочид төлөөлөгчдөд танилцуулах үйл ажиллагаа болов.
Энэхүү үйл ажиллагаанд тус аймгийн 18 сум, 2 тосгоны удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл, хөдөө аж ахуйн эрдэмтэн доктор, мэргэжилтнүүд гээд 1000 орчим төлөөлөгч оролцсон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.






