БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомтоор гадаадын 18,6 мянган иргэн нэвтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын ОХУ-тай хиллэдэг авто замын Цагааннуур
боомтоор энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 23-ны хооронд давхардсан
тоогоор Монгол Улсын 5074 иргэн, гадаадын иргэн 18613 нэвтэрсэн байна.
Мөн Монгол Улсын 6570, гадаадын 20605 иргэн улсын хилээр гарсан аж.
Засгийн газраас хилийн боомтуудыг үе шаттай нээх шийдвэр гаргаснаас хойш
улсын хил нэвтрэх тээврийн хэрэгслүүдийн тоо ч эрс өсжээ. Тухайлбал, дээрх
хугацаанд 3187 ачааны машин, 4606 суудлын, 197 бусад тээврийн хэрэгсэл орж,
3464 ачааны, 4591 суудлын, 176 бусад тээврийн хэрэгсэл тус боомтоор гарсан
байна.
Ташрамд сануулахад, авто замын Цагааннуур боомтоор 2021 оны хөл хорионы үед
2257 тээврийн хэрэгсэл орж, 2270 машин гарч байжээ.