ДУНДГОВЬ: М.Санжаасүрэн:"Ид шидийн орон"-д маань 200,0 сая төгрөг хэрэгтэй байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-08-24 11:25:04
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Лантуун дохио" ТББ-ын хамт олон энэ оны 5 дугаар сард Дундговь аймагт “Ид шидийн орон” төслөө хэрэгжүүлж эхэлснээс хойш санхүүжилтээ босгон, барилгын ажлаа үргэлжлүүлж байна.


Нийт 953,0 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатайгаас 750,0 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг хандиваар бүрдүүлсний 94,0 сая төгрөгийг /353 тооны мал/  малчид хандивлажээ.


Уг төслийн хамтрагч “Гэрэлтдэг ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Санжаасүрэнгээс ажлын явцын талаар тодруулахад “Хүүхэд багачуудаас эхэлсэн хандивын үйл ажиллагаа нилээн хүчтэй өрнөж, хамт олны, малчдын, төгсөлтийн, гадаадад байгаа монголчуудын, барилгын компани, төрийн албан хаагчдын гээд маш том давалгаа болж өрнөлөө.


Олон ч үйл ажиллагааг зохион байгуулсан, олон ч санаачлагууд өрнөв. Төрсөн өдрийн хоёр ч эвент, хандивын уулзалтууд зохион байгуулсан. Хамгийн сүүлд Todko Samson буюу Мягмартогтох зохиолч өөрийн уншигчдаа уриалж, нийт 120 сая төгрөгийн хандивыг босголоо. 


10,000 төгрөгийн хандивын давалгаанд маш олон хүн нэгдсэн. Хүүхэд, багачуудынхаа ирээдүйн төлөө хүн бүр чин сэтгэлээсээ дэмжиж, сэтгэлээрээ нэг байж чадаж байгаа. Энэ бол нэгдэл, оролцооны хүч буюу жинхэнэ "ИД ШИД". "Лантуун дохио" ТББ-ынхаа ах эгч нараас маш их суралцаж, маш их баярлаж байгаа.


Одоо өрлөг, пасадны ажил эхэлж байна. 8 дугаар сард байшингаа битүүлж, өнгө будаг тавих, гадна, дотор тохижилт гээд ажлуудаа хийнэ. Одоо ердөө 200,0 сая төгрөг бидэнд хэрэгтэй” гэлээ.


Coffee shop, 8000-10000 ном бүхий номын сан, Шинжлэх ухааны танхим, Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, балет, иог, цэнгээнт бүжгийн танхим, сургалтын танхимаас бүрдэх “Ид шидийн орон” хүүхэд хөгжлийн төвийн нээлтийг ирэх 9 дүгээр сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байгаагаа тэрээр мөн танилцуулж, хандивт нэгдсэн бүх байгууллага, хамт олон, иргэдэд талархаж байгаагаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ