Япон, ДЭМБ эрүүл мэндийн асуудал хариуцсан шинэ байгууллага байгуулахаар тохиролцжээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-12 10:56:23

ТОКИО. /Kyodo/. Япон улс хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд анхаарал хандуулах шинэ байгууллагыг байгуулахаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай /ДЭМБтохиролцсон талаар тус улсын Гадаад хэргийн яамны эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ.


Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус нар Японд ийм байгууллага байгуулах талаар тавдугаар сард утсаар ярих үеэрээ тохиролцсон бөгөөд ирэх онд Хирошима хотод болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвтэй байна.


2012 онд ДЭМБ дэлхийн хүн амын тэн хагасаас доошгүй хувьд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгааг харгалзан бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн тухай тогтоол баталсан юм.


Шинэ байгууллага нь бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлж, коронавирус зэрэг халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох ажээ. 


Мөн Японы эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь дундаж наслалтыг уртасгахад үр нөлөөгөө үзүүлсэн тул Засгийн газар энэхүү туршлагаа ДЭМБ-ын шинэ байгууллагад хэрэгжүүлэх төлөвтэй байна.

Холбоотой мэдээ