Алслагдсан гэр хороололд 80 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орно

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 18:10:56

Дархан сумын алслагдсан гэр хорооллуудын нэг болох тус сумын хоёрдугаар багийн иргэд оршин суудаг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг “Ширээ нуруу”-нд 13 дугаар цэцэрлэгийн салбар болох 80 гаруй хүүхэд хүлээж авах хүчин чадалтай шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болж байна.

Энэхүү алслагдсан гэр хороололд Дархан сумын хоёрдугаар багийн 500 гаруй өрхийн хоёр мянгаад иргэн оршин суудаг. Хууль журмаараа бол өөр аймаг сумын нутаг дэвсгэрт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийхийг зөвшөөрдөггүй. Гэвч нэгэнт Дархан сумын иргэд амьдарч байгаа учир иргэдийнхээ санал хүсэлт, эрх ашгийг харгалзан үзэж аймаг, сумаас тодорхой шийдвэрүүдийг гаргаж зам, гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтын зарим ажлуудыг өнгөрсөн онд хийсэн. Харин энэ жил хүүхэд багачуудынхаа сурч хүмүүжих нөхцөл бололцоог нэмэгдүүлэх үүднээс 80-100 хүүхэд хүлээн авах боломж бүрдэнэ. Энэ гурван бүлэг шинээр нээгдсэнээр Дархан сумын 13 дугаар цэцэрлэгт нийт 380 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болж байгаа бол анги удирдсан, туслах багш, тогооч зэрэг есөн хүн шинээр ажлын байртай болж байна. Цэцэрлэгийг барьж байгуулах ажилд “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас 130 гаруй сая төгрөг зарцуулжээ. Тус цэцэрлэг энэ сарын таванд ашиглалтад орж нээлтээ хийх аж.

 Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд