Англид энэ долоодугаар сар 1911 оноос хойших хамгийн хуурай сар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-07-29 10:33:51

ЛОНДОН. /The Times/. Англид энэ долоодугаар сар 111 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн хуурай сар болжээ. Нэгдсэн Вант Улсын Цаг уурын албанаас мэдээлснээр, сарын эхнээс хойш 15.8 мм хур тунадас унасан нь хамгийн сүүлд 1911 онд ажиглагдсан долоодугаар сарын дунджаас 25 хувиар бага үзүүлэлт юм.


Харин Их Британийн хувьд энэ долоодугаар сар 1984 оноос хойших хамгийн хуурай сар болжээ.  "Шотланд, Уэльс, Умард Ирландад ч бас хуурай цаг агаар ажиглагдаж байгаа боловч Зүүн Английн өмнөд хэсэг, Английн зүүн өмнөд хэсэгт хамгийн хүнд нөхцөл байдал үүсээд байна" гэж цаг уурын албаны мэдэгдэлд дурджээ. Мэргэжилтнүүд ойрын өдрүүд, долоо хоногт байдал дорвитой өөрчлөгдөхгүй гэж үзэж байна.


Одоогоор Их Британийн бүс нутгуудын нэгэнд нь ч ган гачиг бүртгэгдээгүй бөгөөд тус улсад хамгийн сүүлд 2018 оны зун ган гачиг ажиглагдаж байжээ. Гэсэн хэдий ч цаг уурчид ган болохыг үгүйсгэхгүй байна. Лондоны захаар болон Английн зүүн өмнөд хэсэгт өвсний түймэр улам ихсэж байгаа бөгөөд үүний улмаас хэд хэдэн байшин галд өртжээ. Бүс нутгийн оршин суугчдад усаа хэмнэж, цэцэрлэгээ услахдаа хоолой ашиглахгүй байхыг зөвлөж байна.


“Энэ жилийн хувьд долоодугаар сар зөвхөн хуурай сар биш байлаа. Он гарснаас хойш хоёрдугаар сараас бусад сард олон жилийн дунджаас бага хур тунадас унасан” гэж Их Британийн Цаг уурын албаны төлөөлөгч Марк Маккарти мэдэгджээ. 


Ирээдүйд манай гаргийн уур амьсгал өөрчлөгдөхийн хэрээр Их Британид зуны сарууд улам халуун, хуурай болж, өвөл нь илүү дулаан, чийглэг байх бөгөөд энэ нь үер усны аюулыг нэмэгдүүлнэ Британийн цаг уурчид анхааруулж байна.


Долоодугаар сарын 19-нд тус улсын агаарын температурын түүхэн дээд үзүүлэлт гурван ч удаа шинэчлэгдсэн юм. 2019 онд Кембрижид тогтоогдож байсан өмнөх дээд үзүүлэлт болох 38.7 хэм 1.6 хэмээр нэмэгджээ. Энэ өдөр эхлээд Чарлвуд тосгонд (Зүүн Өмнөд Английн Суррей гүнлэг) термометрүүдийн заалт 39.1 хэмд хүрсэн бол, дараа нь Лондоны Хитроу нисэх онгоцны буудлын агаар 40.2 хэм хүрч халсан байна. Хэсэг хугацааны дараа Конингсби хотод (Линкольншир гүнлэг) агаарын температур 40.3 хэм хүрснийг зарлажээ. 


Холбоотой мэдээ