ЗАВХАН: Цагдаагийн 186 алба хаагч бэлэн байдалд ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-14 16:54:57

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймагт баяр, амралтын өдрүүдээр ноцтой гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл ирээгүй. 

Энэ сарын 10-12-ний өдрүүдэд буюу баяр, амралтын өдрүүдээр аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Аймгийн хэмжээнд наадмын өдрүүдээр нийт 186 алба хаагч, 34 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас нийт 26 гомдол, мэдээлэл ирсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй зургаа, зөрчлийн шинжтэй 20 дуудлага мэдээлэл ирсэн. Хуулийн дагуу холбогдох арга хэмжээг газар дээр нь шийдвэрлэж ажилласан байна.


Наадмын өдрүүдээр цагдаагийн газраас морьтой, автомашинтай эргүүлүүдийг ажиллуулахаас гадна дроноор эргүүл хийсэн. Алба хаагчид баяр наадмын талбай болон, хурдан морины хамгаалалт, голын ай сав дагуу эргүүл, хамгаалалтад ажилласан. Улсын хэмжээнд явуулж буй “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны үйл ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар аймгийн 24 сумын алба хаагчид бэлэн байдалд ажиллаж байна. Аяны хүрээнд зам тээврийн хөдөлгөөний дүрэм журмыг таниулах сэрэмжлүүлэг мэдээллийг цахимаар шторк, гэрэл зурагтай постерууд явуулахаас гадна орон нутгийн замд хурд хэмжих, жолооч зорчигчдод сануулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг хийж байна. Мөн “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” самбарыг аймгийн орох гарах постууд, төв замын уулзваруудад байршуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх
CD бэлтгэж иргэд, жолооч нарт тарааж өгөх ажлыг хийж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.  





Холбоотой мэдээ