Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулахад 159 сумыг тоног төхөөрөмжөөр хангав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын 8 аймгийн 159 сумын нийгмийн даатгалын хэлтсүүд цахим үйлчилгээг хүргэх техникийн боломжтой болж байна.
НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийн санхүүжилтээр сумдад гурван үйлдэл бүхий принтерийг НДЕГ-т гардуулан өглөө. Ингэснээр манай улсын 330 сумын тал хувьд ажиллаж буй нийгмийн даатгалын хэлтэс малчдад үйлчилгээгээ түргэн шуурхай хүргэх техник хэрэгсэлтэй болов. Тухайлбал, малчид тэтгэвэр тогтоолгох зэрэг үйлчилгээ авахдаа аймгийн төв орохгүйгээр суман дахь хэлтэс материалыг нь скайнэрдан файл болгоод аймгийн төврүү илгээх боломжтой болж байгаа юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар энэ үеэр хэлэхдээ, “Нийгмийн даатгалын салбарт төсөл хэрэгжүүлсэн нь хамгийн оновчтой чухал шийдэл юм. Нийгмийн даатгалын үйлчилгээг цахижуулахад тодорхой үр дүнд хүрч байгаа ч техник, тоног төхөөрөмжийн дутагдал багагүй бий. Аймаг, сумдын нийгмийн даатгалын мэдээллийг цахимжуулахад энэ төсөл маш их үүрэг гүйцэтгэлээ. Бид ч шаардлагатай арга хэмжээ авах болно. Цахим шилжилтийг нэг өдөр хийдэг зүйл биш бага багаар урагшилж байна. Одоогоор үйлчилгээний тоогоор 65, мөнгөн дүнгээр 80 хувийг нь цахимжуулаад байна” гэлээ.
ОУХБ-ын төслийн зохицуулагч Г.Отгонзаяа “Манай төсөл малчдын нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэхэд голлон анхаарсан. Нийгмийн даатгалын үйлчилгээг цахим болгох, малчдын цаг зав хэмнэхэд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна” хэмээв.
Нийгмийн даатгалын байгуулага нь хамгийн мэргэшсэн, тогтвортой салбарын нэг гэдгийг НДЕГ-ын дарга Д.Зоригт дурдаад, ОУХБ олон жил бидэнтэй хамтран ажиллаж, онол арга зүй, сургалт зөвлөгөө өгч, малчдыг нийгмийн даатгалын хамруулахад үр дүнтэй төсөл хэрэгжүүлсэн. Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулснаар иргэд хэлтэс дээр ирэх шаадлагагүй болно. Цахим шилжилт гэдэг нь зөвхөн програм хангамж биш түүнийг дамжуулах тоног төхөөрөмж чухлыг онцолсон юм.