Талибууд олон улсын хамтын нийгэмлэгээс нэмэлт тусламж хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-06-27 10:40:31

КАБУЛ. /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлж, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаатай холбогдуулан “Талибан” хөдөлгөөн олон улсын хамтын нийгэмлэгээс нэмэлт тусламж хүсжээ.


Өнгөрсөн лхагва гарагт тус улсын Хост, Пактика мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 1000 гаруй хүн амиа алдаж, 1600 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.


“Талибан”-ы Байгалийн гамшгийн уршгийг арилгах яамны хэвлэлийн төлөөлөгч Мохаммед Насим “NHK” телевизэд газар хөдлөлт болсон бүс нутаг дахь нөхцөл байдлын талаар мэдээлжээ.


Түүний хэлснээр, байшин барилга олноороо нурж сүйдсэн тул иргэдэд майхан, ундны ус, эм тариа нэн шаардлагатай байна. Xөрш орнууд, хүний эрхийн байгууллагууд тусламж үзүүлж байгаатай холбоотойгоор аврах ажиллагаанд ахиц дэвшил гарч байгааг  тэрбээр мөн онцолжээ.


Гэсэн хэдий ч байгалийн гамшгаас үүдэн асар их хэмжээний хохирол учирсан тул талибууд нэмэлт тусламж хүссэн байна. Япон зэрэг улс орнууд олон улсын байгууллагуудаар дамжуулан шууд бусаар яаралтай тусламж үзүүлж байна. Тэдгээр орон нь “Талибан”-ыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байдлыг сайжруулж чадахгүй байгааг харгалзан хууль ёсны засгийн газар гэж хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.  

Холбоотой мэдээ