ГОВЬ-АЛТАЙ: Бигэр сумын 180 өрх хашаандаа жимсний мод тарьжээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2022-06-24 17:09:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар "Газар тариалан, жимс, жимсгэнэ" төслийн хүрээнд Бигэр суманд байгуулсан "Агро ойн аж ахуй"-н үйл ажиллагаа болон алим, жимс, жимсгэний ургалтын явцтай танилцлаа.

Бигэр сум энэ онд үр тариа 0.8 га, төмс 0,3 га, хүнсний ногоо 5,3 га, малын тэжээл 148,1 га, жимс жимсгэнэ 24,6 га нийт 179,1 га талбайд тариалалт хийсэн байна. Мөн "Өрх бүр хашаандаа алимны мод тарья" аяны хүрээнд тус суманд хүлээлгэн өгсөн 2500 ширхэг жимсний модноос сумын төвийн 180 өрх хашаандаа жимсний мод тарьж эхэлсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд алим, жимс жимсгэнэ, бүх төрлийн хүнсний ногоо, үр тариа, малын ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, хүн амыг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг шинээр бий болгохыг зорьж байгаа аж. Тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийн орлогыг бодитойгоор дэмжих энэхүү хөтөлбөр 2021-2024 онд Говь-Алтай аймагт хэрэгжих юм.