ГОВЬ-АЛТАЙ: Алтайн Щвейцар-Хүнхэр амралт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-24 16:53:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгаар аялахаар төлөвлөж байгаа бол танд тус аймгийн байгаль, түүх, шашны дурсгалт газруудын танилцуулга мэдээллийг цувралаар хүргэе. Энэ удаа Алтайн Щвейцар гэгдэх “Хүхэр амралт”-ын газрыг танилцуулъя.

Байгалийн үзэсгэлэнт “Хүнхэр"-амралт, зугаалгын цогцолбор газар нь “Говь-Алтайн Швейцар” хэмээн алдаршсан дархан цаазат Хасагт хайрхан уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Хүнхэрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог. 

Амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200-аад жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокбонат-кальци-магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.


Хүнхэр зуслангийн рашаан нь байгаль эхийн монгол туургатанд үлдээсэн юугаар ч орлож болшгүй “эм” юм. Энэхүү рашаан нь хар модон ой, өндөр уулын тунгалаг уст Хүнхэрийн горхины дэргэдэх хар гантиган хадан хясааны агуйгаас дуслан шүүрдэг. Уг рашааны найрлага нь гидрокарбонат кальци, магнитай тул хоол боловсруулах эрхтнийг сувилах чадалтайг тогтоожээ.

Энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газар 1960-аад оноос автомашины зам засч, аймгийн нэгдлүүдийн дундын хүч хөрөнгөөр амралтын газар байгуулж малчдыг амруулж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас өдгөө хүртэл үйл ажиллагаа явуулж, даруй жаран жилийн нүүр үзэж буй аж.
Холбоотой мэдээ