ДУНДГОВЬ: 80 жилийн ой угтсан бүтээн байгуулалтыг иргэдийн оролцоотой гүйцэтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-23 10:40:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймаг байгуулсны 80 жилийн ойг угтан Дундговь аймгийн аймгийн төвд бүтээн байгуулалтын ажлууд хийж байна.

Аймгийн ЗДТГ, Сайнцагаан сумын ЗДТГ, Хот тохижилтын албанаас төр, ТББ, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн оролцоотой гудамж талбайг тохижуулах, машины зогсоол, явган хүний болон дугуйн зам, замын тэмдэг тэмдэглэгээ гэрэлтүүлэг хийх, ногоон байгууламж, цэцгийн мандал байгуулах, барилга, байшингийн өнгө үзэмжийг сайжруулж, засах зэрэг бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

Тус ажлын хүрээнд Худалдааны гудамжийн 1,5 км зам талбайн засвар тохижилтын ажлыг 900,0 гаруй сая төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд тус ажлыг иргэдийн бүлгүүдтэй гэрээ байгуулан хэрэгжүүлэх юм.

Мөн Номгон дэлгүүрээс Өлзийт мандал өрхийн эмнэлэг хүртэлх автозам, явган хүний замын засвар, гэрэлтүүлэг, далан шудууны тохижилтын ажлыг Замын сангийн 496,0 сая төгрөгийн санхүүжилтээр “Баянцогт зам” ХХК гүйцэтгэж байна.

Аймгийн ЗДТГ-аас Худалдааны гудамжны тохижилтын зураг, төслийг хийж, тус зам дугуу байрлах байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад танилцуулсан бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд гадна пасад, хаягжилтыг нэгдсэн загвар, зураг төсөлд тусгасан өнгөний кодоор сэргээн засварлаж, шинээр тохижуулах шаардлагатайг аймгийн удирдлагууд анхаарууллаа. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд иргэдийн алхах, дугуй болон спорт төхөөрөмжөөр явах, амрах боломжийг бүрдүүлэх ажээ. 

Холбоотой мэдээ