Урлагийн наадамд 240 гаруй байгууллага оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-21 16:31:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг байгуулсны болон Соёл, урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Мандалговь хотноо "Урлагийн үзлэг-2022" наадмыг энэ сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулна.

Аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, Төв халхын дуулалт жүжгийн театр, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театраас хамтран зохион байгуулж буй тус наадамд Мандалговь хотноо үйл ажиллагаа явуулдаг төр, ТББ, аж ахуйн нэгж 240 гаруй байгууллага 31 баг болж оролцох ажээ.

Дуу хуурын өлгий-Дундговь нутгаас залуу авьяастнуудыг тодруулах, тэднийг хөгжүүлэх, соёлын биет бус өвийг сэргээх, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах зорилго бүхий тус наадамд оролцогчид монгол ардын уртын дууны цөөхүүл, уртын дууны гоцлол, ардын богино дуу, морин хуурын хамтлаг, гоцлол, ардын болон мэргэжлийн онцлогтой зохиомжит бүжиг, эстрадын дуу төрлүүдээр өрсөлдөнө.

Тус урлагийн наадмын шилдгүүдийн “Гала тоглолт” 7 дугаар сарын 1-нд болох бөгөөд төрөл тус бүрээс “Шилдэг гоцлол”  “Шилдэг байгууллага”, “Шилдэг хамтлаг”-ийг шалгаруулах юм.   

Холбоотой мэдээ