БНСУ Азийн хөлбөмбөгийн АШТ зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-06-21 11:41:12

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ ирэх онд болох Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг /АШТ/ зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө гэж Солонгосын хөлбөмбөгийн холбоо /KFA/ даваа гарагт мэдэгджээ.


Тус холбоо Азийн хөлбөмбөгийн холбооны /AFC/ 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ зургаадугаар сарын 30-наас өмнө гаргах бөгөөд тэмцээнүүдийг зохион байгуулах хүсэлтэй хотуудаас холбогдох хүсэлтийг даваа гаргаас хүлээн авч эхэлсэн байна.


Дөрвөн жил тутам зохион байгууллагддаг энэхүү тэмцээн БНХАУ-д болох байсан боловч тавдугаар сард Азийн хөлбөмбөгийн холбоо Хятад улс “COVID-19” цар тахлын улмаас тэмцээнийг зохион байгуулах боломжгүй болсныг зарласан юм. Солонгосын хөлбөмбөгийн холбооны мэдээлснээр, Япон, Катар, Австрали, АНЭУ мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй байгаа ажээ. 


Энэхүү тэмцээн нь 1956 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд 1960 оны тэмцээн БНСУ-д болж байсан түүхтэй. БНСУ-ын “Taeguk Warriors” баг нь Азийн шилдэг багуудын нэг хэмээх статусаа удаан хугацааны турш хадгалсаар ирсэн боловч зөвхөн 1956, 1960 оны тэмцээнүүдэд л түрүүлж байжээ. Тухайлбал, 2019 онд АНЭУ-д болсон тэмцээнд БНСУ шөвгийн наймын тоглолтод аваргаар шалгарсан Катарын багт хожигдсон байна.


2023 оны зургаадугаар сард болох тэмцээнд 24 орны баг тамирчид оролцоно. Азийн хөлбөмбөгийн холбоо тэмцээнийг зохион байгуулах хүсэлт гаргах орнуудад тодорхой шалгуурыг тавьжээ. Үүнд, шөвгийн наймын тоглолтыг 20 мянгаас доошгүй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд, хагас шигшээ тоглолтыг 40 мянгаас дээш хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд, нээлтийн болон шувтаргын тоглолтыг 50 мянгаас доошгүй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд явуулах шаардлага багтсан байна. 

Холбоотой мэдээ