Ч.Сайханбилэг: Улсын хэмжээнд 128.5 мянган тн мах экспортолно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-02 16:57:40

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд олон жилийн цаг агаарын төлвийг харахад бичин жил ХАА, ялангуяа МАА-н өвөлжилтөд хүндрэл учруулж ирснийг харгалзан Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлийг хангахад онцгой анхаарч ажиллаж байгааг онцлов.

Мэргэжлийн байгууллагын мэдээллээс үзвэл энэ намар, өвлийн эхний сарын цаг агаарын байдал тогтвортой бус, ялангуяа 12 дугаар сард нутгийн ихэнх хэсэгт олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа аж. Иймд цаг агаарын мэдээлэлтэй уялдуулж, төв болон орон нутгийн өвөлжилтийн бэлтгэлийг явуулж буй. Тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тн өвс, 11.1 мянган тн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс одоогийн байдлаар 10.5 мянган тн өвс, 1.2 мянган тн тэжээл бэлтгэж, хадлангийн бэлтгэл 65.9 хувьтай, тэжээл бэлтгэл 63.0 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, тэжээлийн цэг, салбарт хүчит тэжээл худалдан авч байршуулахад 2,0 тэрбум төгрөг зарцуулахаар шийдсэн.

Ургацын урьдчилан балансаас үзэхэд гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58.0 мянган тн хивэг, 12.6 мянган тн багсармал тэжээл үйлдвэрлэж, тариалалтаас 53.0 мянган тн ногоон тэжээл нийлүүлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой гэнэ. Өвөл намартаа бэлчээрийн даац нийт нутгийн 60 хувьд хүрэлцээтэй, 40 хувьд олон дахин хэтэрсэн. Даац олон дахин хэтэрсэн аймгуудын ихэнх сум, бусад аймгуудын зарим сумын 15.0 мянган өрхийн 3.5 сая мал сум болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутагт өвөлжихөөр байгааг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдав.

Оны эхний 9 сарын байдлаар мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ 85.0 хувьтай,  намрын угаалга, туулгалт, шүлхийн вакцинжуулалтын ажлыг энэ сард хийж дуусах нь. Ургац хураалтын ажлыг мөн энэ сард багтаж дуусах төлөвтэй байгаа ба улсын хэмжээнд 128.5 мянган тн мах экспортлох тооцоо гарчээ.

Засгийн газрын тогтоолоор махны нөөц бүрдүүлэх болон экспортын зориулалттай мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд  нийт 180.0 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Хөрш орнуудад гаргах махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ болон ОХУ-ын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Цаашид махны экспортын квотыг нэмэгдүүлэх талаар Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд ханджээ.

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай. Боловсролын салбарын их засварын ажил 96.5 хувийн хэрэгжилттэй, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 99.0 хувьтай. Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хийх шаардлагатай 52 сургууль, 40 цэцэрлэг, 8 дотуур байр, 15 соёлын салбарын байгууллага, 2 спорт заал байна гэж Ерөнхий сайд мэдээллээ.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сонирхсон асуудлаа тодруулж асуулга тавив. Түүнчлэн улс орны санхүү хүндэрч байгаа энэ үед өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах нь зөвхөн өвлийн улирлын цаг хугацаанд гэлтгүй улс орны нийгэм, эдийн засагт ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг анхаарч ажиллахыг хүслээ.

Б.Туул

 

 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд