Риогийн Олимпын нээлтийн ёслолд Монголын баг тамирчдын өмссөн хувцас шилдгээр тодров

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-06 15:52:51

ВАШИНГТОН. /USA Today/. Орон нутгийн цагаар баасан гарагийн орой болсон “Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмын нээлтийн ёслолын үеэр өмссөн баг тамирчдын хувцсаараа 200 гаруй улс дундаас Монгол Улс нэгдүгээрт жагслаа. Америкийн “USA Today” цахим хуудас хамгийн шилдэг хувцасласан эхний 17 улсыг нэрлэсэн байна.

Тус цахим хуудас тайлбартаа "нэгэн хэвийн хувцас өмсчхөөд 200 гаруй улсын бага тамирчид дундаас хувцаслалтаараа ялгарч харагдах боломжгүй. (Германыг хар даа.) Уйтгартай өнгөтэй, байдаг л нэг загвар. Тамирчид Олимпын нээлтийн ёслолын үеэр хувцаслалтаараа ялгарч харагдахын тулд өөрийн улс орноо илэрхийлж, хүндэтгэсэн дээрээс нь загварлаг бөгөөд биед эвтэйхэн хувцас өмсөх хэрэгтэй. Энэ шалгуур үзүүлэлтүүдээр бид энэ удаагийн Олимпын нээлтийн ёслолд өмссөн хувцсаар нь эхний 17 улсыг тодрууллаа" гэжээ.

Монголын баг тамирчдын өмссөн ёслолын хувцсыг  “Тод бөгөөд өнгөлөг. Эмэгтэй тамирчдын банзалны хормойн хээ угалз гайхалтай” гэж тайлбарлан бичжээ.

Израиль, Энэтхэг, Доминикан, Барбадос, Бенин, Аруба, Индонез, Их Британи, Унгар, Жибути, Канад, Беларусь, Дүрвэгчдийн баг, Серби, Швед болон Сьерра-Леоны баг тамирчдын өмссөн хувцсыг тус цахим хуудас онцолсон байна.

 

 

 

Холбоотой мэдээ