Японы Такэхико Накао АХБ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-08-06 10:37:47

ТОКИО. /Kyodo/. Азийн хөгжлийн банкны /АХБ/ ерөнхийлөгчөөр Японы иргэн Такэхико Накао улиран сонгогдлоо.

АХБ-ны ТУЗ-ийнхөн Накаог санал нэгтэйгээр дэмжсэнээр тэрбээр ирэх 11 дүгээр сараас эхлэн тус банкийг дахин таван жил удирдана.

Накао мэдэгдэл хийхдээ “бүс нутгийн анхан шатны хөгжлийн байгууллага болох энэ банкыг илүү өндөрлөгт хүргэхийн төлөө би зүтгэх болно” гэжээ.

Тус банк нь Филиппиний нийслэл Манила хотноо байдаг юм. Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудын эдийн засгийн хөгжлийг хөхиүлэн дэмжиж, ядуурлыг бууруулах зорилго бүхий тус банкны үйл ажиллагааг Япон болон АНУ удирдан явуулдаг билээ.

Өдгөө 60 настай Накао 2013 онд АХБ-ны тэргүүн болохоосоо өмнө Японы Сангийн яаманд олон улсын харилцаа хариуцсан Сангийн дэд сайдаар ажиллаж байжээ. Японы төв банкны захирал болохын тулд АХБ-ны тэргүүний суудлаа өгсөн Харүхико Күродагийн халааг Накао авсан юм.

Накао бол 1966 онд байгуулагдсан АХБ-ны ес дэх ерөнхийлөгч. Түүний өмнө тус банкыг удирдаж байсан хүмүүс бүгд Японы иргэд байсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ