"Булгийн өдөр"-ийг санаачлан анх удаа тэмдэглэн өнгөрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-02 17:11:13

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран "Булгийн өдөр"-ийг санаачлан анх удаа  тэмдэглэн өнгөрүүлжээ.

Гов-Алтай аймаг нь булаг шандны эхийг хашиж хамгаалах ажлаараа улсад тэргүүлдэг. Гадаргын усыг хашиж хамгаалан усны нөөцийг нэмэгдүүлэх гүний усыг хэмнэх зорилт тавьж аймгийн Засаг даргын 2022 оны А/306 дугаар захирамжаар “Булгийн өдөр”-ийг жил бүрийн 5, 10 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон байна. 

Булаг хамгаалах өдрийн анхны үйл ажиллагааг Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газарт хамаардаг 7 сумыг хамруулан зохион байгуулжээ. Зохион байгуулагчид хамгаалсан булгийн хашааг засаж сэлбэх, орчны бохирдлыг цэвэрлэж лус баярлуулах үйл ажиллагааг өрнүүллээ.


Мөн үеэр булаг судлаач малчныг эко клубийн хүүхдүүдтэй хамтран бэлтгэж, цаашдын арчилгаа хамгаалалтыг хариуцуулан эзэнжүүлж, идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх тэмдгийг 15 хүнд олгон үүрэгжүүлсэн байна. 

Түүнчлэн дээрх захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор цаашид 18 сумыг бүрэн хамруулж "Булгийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг аймаг, сум орон нутгийн төсвөөс төлөвлөн зохион байгуулж байхаар тусгажээ. Энэ удаагийн үйл ажиллагааг Дэлхийн байгаль хамгаалах сангаас санхүүжүүлсэн бөгөөд сум орон нутаг, малчдын оролцоо идэвх сайн байгаа тухай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Төр, малчин, төсөл хөтөлбөрийн байгууллагын ирээдүйн зорилго хамгаалсан булгаа хашаад орхих биш засаж сэлбэн илүү олон жил үр бүтээлтэй ашиглах, нөөц урсгал нэмэгдэх хэрээр усны хуримтлал үүсгэх жижиг усан сан барих, цаашлаад мод бут, нутгийн унаган ургамал тарьж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах менежментийг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх юм гэдгийг ч онцоллоо.

Холбоотой мэдээ