Японд “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунг тарьж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-05-26 09:54:20

ТОКИО. /Japan Times/. Японд лхагва гаргаас эхлэн коронавирусний вакцины дөрөв дэх тунд хамрагдахыг ахмад настнууд, архаг хууч өвчтэй хүмүүст санал болгож эхэлжээ.


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 60-аас дээш насны иргэд, мөн 18-59 насны, амьсгалын зам, зүрх судасны гэх мэт архаг хууч өвчтэй, халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэлтэй хүмүүс дөрөв дэх тунг тариулах боломжтой байна.


Мөн нэмэлт тунг гурав дахь тунд хамрагдсанаас хамгийн багадаа таван сарын дараа хийлгэхийг зөвлөжээ. Японд ахмад настнууд энэ оны нэгдүгээр сараас гурав дахь тунд хамрагдаж эхэлсэн юм.


Хилийн чанадад явуулсан судалгаануудаар вакцины дөрөв дэх тун 60-аас дааш насны хүмүүст “COVID-19”-ийн хүнд шинж тэмдэг илрэхээс тодорхой хугацаагаар урьдчилсан сэргийлж байгааг тогтоожээ.


Харин тэдгээр судалгаанд дээр дурдсанаас доош насны хүмүүст ямар үр дүн үзүүлж байгаа талаарх хангалттай мэдээлэл байхгүй байгаа аж.


Засгийн газрын төлөөлөгч нэмэлт тунд хамрагдах хүмүүсийн насыг өргөтгөх тухайд хэлэхдээ, бид холбогдох мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулахад анхаарч ажиллана гэсэн байна. 

Холбоотой мэдээ