100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-05-25 13:27:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багт 90 гаруй өрх цаа маллан амьдардаг. Өвлийн улиралд цаа асга хад бартаа ихтэй тайгад бэлчээрлэдэг. Энэ хавар тайгаас буюу өвөлжөөнөөс хаваржаанд ирэх замд 100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогдсон байна. Өөрөөр хэлбэл их хэмжээгээр овоорсон байсан цас нурж дарсан гэдгийг Хармай багийн засаг дарга С.Өлзийсайхан хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар 300 орчим цаа төллөсөн бөгөөд жилд 500-600 цаа төллөдөг аж.



Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой өнгөрсөн жил буурсан байна. 2020 онд 3127,  2021 оны жилийн эцсийн тооллогоор 2441 цаа тоолуулж 28,9 хувь буюу 686 толгойгоор буурсан байна.

Нас гүйцсэн эр цаа бугыг этэр, уналга ачлагын цаа бугыг зарь, эм цаа бугыг мянджиг, төлийг хугаш гэж нэрлэдэг. Тус аймгийн хэмжээнд 1990-ээд оны үед цааны тоо толгой цөөрч 400 гаруй цаатай болж цаа устаж үгүй болох аюулд тулж байсан бол аймаг орон нутаг, төр засгийн зүгээс үндэстний цөөнх болсон цаан сүргийн цусыг ОХУ-ын Кызылээс сэлбэж цаатан иргэдийн амьдрал ахуйд онцгой анхааран ажилласны үр дүнд Хөвсгөлийн цаа 2000 гаруй болоод байгаа ажээ.

Холбоотой мэдээ