Байрны 198 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Урандөш багт барьж буй 14 давхар Хоймор Таур барилгын суурин краны сум хугарч, зэргэлдээх барилга дээр унах аюултай нөхцөл өчигдөр оройн 20 цаг 45 минутад үүссэн.
Барьж буй байрны зүүн талд байрлах 15 дугаар байрны дээвэр дээр 54 метрийн өндөртэй суурин краны хугарсан хэсэг унах эрсдэлтэй байгаа учир тус байрны цахилгааныг тасалж, 198 иргэнийг байрнаас түр нүүлгэн шилжүүлээд байна. Краны хугарсан хэсэгт Онцгой байдлын газрын алба хаагчид, барилгын компанийн ажилчид хамтран барилгын дотор хананд бэхлэх ажиллагааг хийжээ.
Мөн тус барилгын эргэн тойронд 60 метрийн радиуст газрыг хамгаалалтад авсан байна. Өнөөдөр краныг угсарсан компанийн иргэд Улаанбаатар хотоос ирж байгаа бөгөөд холбогдох хүмүүсийг ирсний дараа дараагийн арга хэмжээг авч ажиллана гэж Хөвсгөл аймгийн ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Дэд хурандаа О.Ганбат мэдээллээ.