Хувиараа хөдөлмөр эрхлэгчид 10 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-13 15:16:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт хөдөлмөр эрхлэх чадвартай 8568 ажилгүй иргэн бэлэн байна гэж аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия мэдэгдлээ.

Уг судалгааг аймгийн хэмжээнд багийн Засаг дарга нартай хамтран гаргажээ.

Хөдөлмөр эрхлэх чадвартай нийт иргэдийн 42 хувь нь эмэгтэйчүүд аж. Мөн 3484 нь дээд боловсролтой хүмүүс байна. Насны ангиллаар авч үзэхэд 18-34 настай 4351 хүн байгаа.

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас он гарснаас хойш нийт 357 иргэнийг ажилд зуучилжээ.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс энэ жил хэрэгжүүлэхээр 7 хөтөлбөр баталсан байна. Энэ хүрээнд 28 төрлийн арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон байна. Баян-Өлгий аймгийн хувьд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 1,7 тэрбум төгрөг батлагджээ. Үүнд:

1. Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт /мэргэжил олгох, ажлын байрны харилцаа, сэтгэл зүйн сургалт зохион байгуулах/ 45 сая;

2. Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт 500 сая төгрөг хуваарилагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 30-аас дээш насны хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд 3 жилийн хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэй 10 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Мөн Малжуулах ажилд 18-45 насны 150 хүртэлх толгой малтай малчин өрхөд 5 сая хүртэлх төгрөгөөр мал худалдан авч өгнө. Малжуулах ажлын нийт төсөв 300 сая төгрөг аж.

3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 144 сая төгрөг. Хөдөлмөр эрхлэх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 5-10 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 50 хувийг эргэн төлөх нөхцөлөөр 3 жилийн хугацаагаар олгоно.

4. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 100 сая батлагдсан. Хөтөлбөрийн хүрээнд 20 иргэнд 5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх нөхцөлөөр олгоно.

5. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 10 сая төгрөг. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх 1 бүлэгт 10 сая төгрөгийг 3 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлөөр олгоно.

6. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 10 сая төгрөг. Хамгийн шилдэг төсөл боловсруулан танилцуулсан 1 багт 10 төгрөгийг буцалтгүй олгоно.

7. Ногоон ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 320 сая төгрөг батлагдсан. Уг хөтөлбөрийн хүрээнд эмзэг бүлгийн ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах нийтийг хамарсан арга хэмжээ /хот тохижуулах, мод тарих/ зохион байгуулна. Мөн "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд мод тарих ажилд 160 сая төгрөг зарцуулна.

Холбоотой мэдээ