Тооллогод Ховд аймгаас 190 гаруй байгууллага хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-25 17:58:44

Ховд /МОНЦАМЭ/. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн 2022 оны улсын үзлэг, тооллого хийнэ. 


Мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээнд тусгаснаар 2015 оны байдлаар улсын өмчид 30 их наядын хөрөнгөтэй. Үүнээс орон нутгийн өмчид 4.3 их наяд хөрөнгө байгаа бол бусад 25 их наяд нь төрийн өмч байна.

Мөн 2019 онд газар, барилга, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэхэд улсын хэмжээнд 64.5 их наяд хөрөнгөтэй болж өссөн дүнтэй гарчээ.

Тэгвэл 2022 онд хөрөнгөө тоолж дүнг гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг энэ онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.  

Үүнтэй уялдуулан Ховд аймгийн 17 сумын төрийн сангийн дарга, нягтлан бодогч, бусад төрийн байгууллагын нягтлан бодогч нарыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 25-26-ны өдөр зохион байгуулж байна. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Ховд аймгийн ЗДТГ, Орон нутгийн өмчийн газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа энэхүү сургалтын үйл ажиллагаанд 300 орчим хүн оролцож, Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогыг явуулахад анхаарах асуудал, арга зүйн талаар мэдлэг, чадвараа дээшлүүлж буй.  

Энэ удаагийн улсын үзлэг, тооллогоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, хадгалалт, хамгаалалтад байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэмжээг тогтоох, хөрөнгийн чанар байдал, бүртгэлд үнэлэлт өгөх, төрийн өмчийн улсын нэгдсэн бүртгэл хөтөлж мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулган баталгаажуулах, цаашид төрийн мэдээллийн санд холбож, нийтэд нээлттэй, цахим мэдээллийн сан бүрдүүлэх зорилго дэвшүүлснээрээ онцлогтой.

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн 2022 оны улсын үзлэг, тооллого” хэмээх гарын авлагыг бэлтгэн, гаргасан бөгөөд энэ удаагийн сургалтад оролцогчдод тараан өглөө. Мөн сургалтын төгсгөлд програмын болон хөрөнгийн цахим сургалтын үр дүнгийн талаар ярилцахаар төлөвлөсөн байна. 

Дээрх үзлэг, тооллогын ажлыг зохион байгуулахтай холбогдуулан Ховд аймагт 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг томилсон байна. Улмаар цаашид байгууллага тус бүр дотооддоо ажлын баг гарган тооллого хийх бөгөөд аймгаас томилсон ажлын багийнхан давтан хяналтын тооллого хийх зарчмаар ажиллах юм.

Ховд аймгийн хэмжээнд 34 төрийн өмчит байгууллага, хуулийн этгээд, 162 орон нутгийн өмчийн байгууллага, хуулийн этгээд гээд нийт 190 гаруй байгууллага дээрх үзлэг, тооллогод хамрагдах аж.     

 

 

Холбоотой мэдээ