Газар тариаланд 2022 онд олгох зээл, тарих талбай

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-04-18 10:31:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2022 онд 552 мянган га-д тариалалт хийнэ. Хүнсний ногоог 12 мянган га-д хүргэнэ. Мөн өвлийн хүлэмжийг өсгөхөөр төлөвлөжээ. Төмс, үр тариа, улаан буудайгаар улсын хэрэгцээг 100 хувь хангана. Энэ бол Ерөнхийлөгчийн ивээл дор болсон (2022-4-13-нд) “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган  дээр яригдсан албан ёсны тоо баримт.


Энэхүү тоо баримт нь хүнсний ногооны 80, тосны ургамлын 40, тэжээлийн ургамлын 80 хувийг дотоодоос хангана. Харин 339 мянган га-д уринш бэлтгэнэ. Улсын хэмжээнд үр тариа 386.1 мянга га-д тариалж 535.8 мянган тонн ургац авах боломжтой гэх мэтчилэн үргэлжилнэ. Хаврын тариалалт хийхэд урьд жилүүдэд сөхөгдөж байсан гол сэдэв үр, бордоо байдаг. Эдгээр нь хоршоо үг мэт хэлэгддэг. Гэвч энэ онд тус тусдаа яригдаж байна. Бордооны хувьд ОХУ-аас импортлоно, энэ ажлыг албаны шугамаар зохион байгуулж байгаа гэж эх сурвалжууд тайлбарлажээ.  


Улаанбуудайн хувьд 2021 онд хураан авснаас 95000 тонн өнөөдрийг хүртэл борлогдоогүй нөөцөд үлджээ. Газар тариалангийн салбарт улаан буудайнаас гадна хивэг 15000 тонн, гурил 27000 тонн, тосны ургамал (рапс) 40000 тонн байгаа гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ нь өнгөрсөн онд улаан буудайг гурилын үйлдвэрүүд их хэмжээгээр импортолсонтой холбоотой гэх юм.


Газар тариаланд дээрх нэр төрлийн бүтээгдэхүүний нэгэн адил яригддаг зүйл нь хуучнаар “тариалан эрхлэлтийг дэмжих санг” (ТЭДС)-аас олгодог зээл байдаг. Энэ жил хөдөө аж ахуйд 400 тэрбум төгрөгийн зээл олгоно. Түүний 50 хувийг газар тариаланд олгохоор шийдвэрлэжээ. Тэднийг тус бүрд нь авч үзвэл үр тарианд 100 тэрбум, төмс, хүнсний ногоонд 50 тэрбум, гурил, тэжээл, ургамлын тос боловсруулах үйлдвэрт 40 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ. Зээл олгох шийдвэрийг жил бүрийн хавар гаргаж байсан гэж хэлж болно. Тухайлбал, 2021 онд 100 тэрбум төгрөгийн зээлийг газар тариалангийн салбарт олгосон. Тэдэнд олгох зээлийн хувьд энэ жил хэмжээ нь нэмэгдсэн байх жишээтэй. Хэмжээнээс гадна зээлийн хугацаа, хүүнд өөрчлөлт орсон байна. Зээлийн хугацаа 2 жил, хүү 3 хувь байна хэмээн энэ салбарын мэргэжилтнүүд дээрх чуулган дээр хэллээ. Арилжааны банкаар олгох зээлийн хүүний зөрүүг Засгийн газар олгоно.


Улаанбуудайг 362.7 мянган га-д тариалж 504.7 мянган тонныг хураана. Төмс 17.3 мянган га-д тариалж, 171.4 мянган тонныг хураан авна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг улсын хэмжээнд манай тариаланчид нөр их хөдөлмөрийнхөө хүчин чармайлтаар бий болгоно. Бусад хүнсний ногоог 12.1 мянган га-д тариалж, 153.2 мянган тонныг авахаар төлөвлөжээ. Ийм хэмжээний тариалалт хийж, ургац алдалгүй хураан авсан нөхцөлд улсын хэрэгцээний хүнсний ногооны 80 хувийг  бүрдүүлэх боломжтой юм. Тосны ургамлыг 66.4 мянган га-д тариалж, 33.2 мянган тонныг хураан авна. Энэ нь улсын хэрэгцээний 40 хувийг хангах боломжийг бүрдүүлнэ.


Мөн тэжээлийн ургамал 70.2 мянган га-д тариалж 168.9 мянган тонныг хураахад, улсын хэрэгцээний 80 хувийг хангах боломжтой. Энэ хаврын тариалалтад 61.9 мянган тонн үр, 20 мянган тонн бордоо, ургамал хамгааллын 1.85 мянган тонн бодис, 22.5 мянган тонн шатахуун шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.


Үр тариа болон тосны ургамлын нөөцийн талаар дээр дурдсан. Нөөцтэй байгаа нь сайн хэрэг. Харин нөөцийг хэрхэн тогтмол байлгах талаар одоо илүү сайн ярьж оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй болов уу. Улаанбуудайны  хадгалалт даах чадварын талаар дээрх чуулганд оролцогчдын нэг  Д.Рэнчинсэнгээ "Энэ жилийн хувьд тодорхой хэмжээний гурилын нөөц байгаа. Гурил нөөцлөхөөс илүүтэй улаанбуудай нөөцлөх нь ашиг тусаар илүү. Улаанбуудайг зориулалтын агуулахад, стандартын дагуу хадгалахад 5 жил хадгалах боломжтой бүтээгдэхүүн"  хэмээн ярьсан байна. Газар тариалангийн 2022 оны хаврын тарих талбайн хэмжээ, тус салбарт олгох зээлийн талаар авч үзэхэд ийм байна.

Холбоотой мэдээ