"Их монгол" аялгуу, “Хаан найрал хөгжим”-ийн тухай

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-04-10 14:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын эдийн засгийн чуулган-2022" Төрийн ордны их танхимд "Их монгол" аялгуу эгшиглэснээр  эхэлсэн (2022-4-7) билээ Энэ аялгууг "Чингис хаан" хаад язгууртны музейн дэргэдэх “Хаан найрал хөгжим”-ийн уран бүтээлчид Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын найруулгаар тоглож гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийн сонорыг мялаажээ. "Их монгол" аялгуу, “Хаан найрал” хөгжим”-ийн талаар  зарим зүйлийг тодруулж уншигч танд хүргэе. 


БНХАУ-ын нийслэл Бээжин хотын хааны музейд эртний монгол хаадын ордонд эгшиглэж байсан хөгжмийн бүтээлийн алтан үсгээр тэмдэглэгдсэн ноот хадгалагдаж байдаг аж. Түүнээс
Лигдэн хааны ордны найрал хөгжмийн  алтан үсгээр тэмдэглэгдсэн ноотыг орчин үеийн таван утастай  ноотод ӨМӨЗО-ны хөгжим судлаач Мэндбаяр хөрвүүлжээ. Эртний  монгол хаадын ордны хөгжмийн бүтээл ӨМӨЗО-ны Гэмпийн сүмээс олдож Бээжингийн хааны музейд хадгалагдаж байгаа урийн санг баяжуулсан байна.


Монголын хөгжмийн түүхэнд эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан хөгжмийн зэмсэг булшнаас олдохоос гадна иргэдийн гар дээр хадгалагдан өнөө үед өвлөгдөж байгаа олон баримт бий. Тэдгээр дээр үндэслэн  дээрх  “Хаан найрал хөгжим"-ийг  байгуулжээ.  СУИС, Монгол Улсын Консерваторт суралцаж байгаа 20 орчим оюутан хөгжимчнөөр ажиллаж байгаа юм байна. Харин хөгжмийн зэмсгийн хувьд дээр хэлсэн олдворууд болон хувь хүний гар дээр хадгалагдаж байгаа хөгжмийн зэмсгийг язгуур агуулгаар нь сэргээн хэрэглэж байгаа онцлогтой ажээ. 


Тиймээс ч Чингис хааны удмын Лигдэн хутагт хааны ордны бүтээлүүдийн нэг “Их монгол” аялгууг Төрийн ордонд эгшиглүүлж "Монголын эдийн засгийн чуулган-2022"  арга хэмжээг нээсэн нь тэр ажээ.  Ер нь эртний монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсэгийн  олдвороос илэрсэн 20 орчимыг нь сэргээн засварлажээ


Хурган чих:

Монголын эртний хөгжмийн зэмсэг Хурган чих нь Архангай аймгийн Өндөр Улаан сумаас олдсон.

Эртний Монголын хөгжмийн зэмсэг Хурган чихээр гологдсон хургыг авхуулдаг.  Халуун хошуутай малын хошууг бэлгэдэн хийсэн бага насны хүүхдэд зориулагдсан цорын ганц хөгжмийн зэмсэг гэж тодорхойлжээ  Монголын эртний нүүдэлчдийн үлээвэр хөгжмийн зэмсэг “Хурган чих” өдгөө бараг устах аюулд өртөж буй соёлын биет өвийн нэг болжээ.


Лимбэний урт нь 61-63 см, диаметр нь 2 см орчим байдаг. Хадглагдсан болон булшнаас олдсон  лимбэн дээр 2 хөндлөн нүх гаргасан байдаг. Тэдний зарим нь 1, зарим нь 3 нүхтэй. Зарим лимбэний дотор нарийн ясаар хийсэн хэл шиг зүйл байдаг. Лимбийг үлээх үед түүнийг нааш цааш хөдөлгөвөл яруу тунгалаг дуу гардаг.  


Хүннүгийн үеэс үүдэлтэй гэж үздэг энэ хөгжмийг хөндий хулсаар хийж байсан. Харин одоо ерийн хөндий модоор хийдэг болсон. Тохой илүү нарийн хөндий модны дээд оройд нарийн зурвас гаргаж, дээд шүдний аагинд тулгуурлаж, сийгүүлэн үлээх маягаар дуу гаргадаг. Их биенд цуварсан нүх гаргадаг, нүхээр өнгө солигдуулж, өндөр нам эгшиг үүсгэдэг байна. Хэмжээний хувьд эрт дээр үед хоёр тохой дөрвөн ямх байсан гэдэг. Орчин үед 30-40 см-ээс илүүгүй болсон байна. Энэхүү шулуун цуур хөгжмийг эрт дээр үеийн гэж хэлэх үндэс нь Хүннүчүүдийн хааны хатан болж, монгол нутагт олон жил аж төрсөн Хятадын Хан улсын Цай Вэнь Жи гүнжийн модон цуурын магтаал 18 бадаг шүлэг байсан хэмээн хөгжим судлаач Ж.Бадраа агсан “Монгол ардын хөгжим” номдоо мэдээлсэн байна.

Энэхүү олдвор нь мал, амьтны шагайт чөмөгний хоёр үзүүрийг огтолж, бүдүүн үзүүрийн ирмэг дээр доош харсан трапец хэлбэртэй хоног гаргаж цоолсон ясан эдлэл бөгөөд эртний анчдын ясан шовшуур буюу шүгэл. Ясан шүгэл нь хүрлийн хожуу үе буюу нарийвчилсан он цагаар (C14) НТӨ 1042±31 он гэж гарчээ. Үүнээс үзэхэд энэхүү ясан шүгэл нь одоогоор манай улсын нутгаас олдоод буй хамгийн эртний хөгжмийн зэмсгийн нэг төрөл юм.

“СКИФ ЯТГА” Алтайн салбар уулс Пазырыкийн толгод дахь булшны малтлагаас олдсон. МЭӨ V-IV зуунд хамаарагдана. Энэ ятга нь мөлгөр ирмэг бүхий их бие ба чавхдас тогтоогчоос бүрдэнэ. Модыг ухаж хөндийлөөд голоор нь нарийсгаж өгсөнөөс наймын тоо шиг хэлбэртэй болжээ. Их биеийн ёроол нь завь шиг мэдэгдэхүйц дугуйрсан буюу матигардуу. Их биений хоёр үзүүрээс нь тууш татсан арьсан цартай бөгөөд модон хадаасаар бэхлэгдсэн. Их биений дээд хэсгээр өргөн нь 4,5см байна. Их бие хамгийн нарийн хэсэгтээ 5,3см, их биеийн царны урт 35 см, Өргөн 5-12 см, өндөр 12 см, ишний урт 23 см байна. Хамгаалалтын зөөлөвчтэй зориулалтын ууттай.


Ховд аймгийн Манхан, Чандмань сумын зааг Жаргалант хайрхан уулын Нүхэн хадны оршуулгаас олдсон 7-8 дугаар зуун буюу эртний Түрэгийн үед хамаарагдах морин толгойтой ятга. Мод хусны үйсээр хийсэн. Өндөр нь 12,7 см, өргөн нь 10,4 см, урт нь 72,4 см. Урт нумарсан хүзүү бүхий их бие, голдоо трапез хэлбэрийн тэвхтэй нимгэн цараас бүрдэнэ. Их бие нь хоёр үзүүр рүүгээ нарийн завь мэт хэлбэртэй. Зэмсгийг хүзүүг их биеэс ухаж гаргасан бөгөөд нилээд нарийн чимхлүүр ур хийцтэй бөгөөд хүзүүг хусны хальсаар ороосон нь цагийн аясаар харлажээ. Хүзүүний болон их биеийн хоёр талд тус бүр нэг нэг мөр нийт 6 мөр бичээстэй хэмээн тодорхойлжээ.


“Монгол татарын бүрэн тэмдэглэл”-ийн “Найр хурим ба бүжиг наадам” бүлэгт “Мухулайг дайнд мордоход 17-18 орчим настай хөгжөмчин охид дагалдан явна. Хурц сэргэлэн охид 14 утаст ятгаар Да Гуа Юй гэх төрийн их хөгжмүүдийг чавхдахын хамтад гараан алгадаж хэмжээ хэмнэл, цохилго болгоно. Дуу нь маш богино, бүжиглэх нь маш гайхамшигтай” хэмээн Мэнда Бэйлугийн тэмдэглэн үлдээжээ. Модон цар дээр монголчуудын хийморийг бэлгэддэг морь буусан хонины шагайгаар тэвх хийсэн долоон чавхдаст нүүдэлчдийн хөгжмийн зэмсэг бол Янчир юм. Эдгээр хөгжмийн зэмсгүүдийг Төрийн ордонд байрлуулж чуулганы зочид, төлөөлөгчдөд үзүүлжээ.

Холбоотой мэдээ