Баян-Өлгийн залуучуудыг Тувагийн их сургуульд элсүүлэн суралцуулах боломжтой гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-07 12:43:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Тувагийн улсын их сургуулийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал, түүхийн ухааны доктор, профессор Ондар Лидия Шуртуевна тэргүүтэй багш нар Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Тувагийн улсын их сургуулийн төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг даргын орлогч С.Хонаев нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчдийг Тувагийн улсын их сургуульд суралцуулах талаар санал солилцов. Төлөөлөгчийн ярьснаар тухайн их сургуульд олон мэргэжлээр монгол оюутнуудыг элсүүлэн суралцуулж болох бөгөөд аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтой гэлээ.

Тувагийн их сургуульд одоогийн байдлаар 65 монгол оюутан суралцаж байгаагаас 10 нь Баян-Өлгий аймгийн оюутнууд байна. 

Холбоотой мэдээ