39 иргэнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-07 12:13:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Эрүүгийн хуульд “Хорихоос өөр төрлийн ял” дотор нийтэд тустай ажил хийх, торгох, эрх хасах гэсэн гурван төрлийн ялтай байсан. Харин өнгөрсөн оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн “Зорчих эрхийг хязгаарлах ял” нэмэгдээд байгаа.

Тус ял хэрэгжиж эхэлснээс хойш Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 39 иргэнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ. Үүнээс 18 иргэний хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон аж.

Зорчих эрхээ хязгаарлуулсан иргэний биед мэдээлэл дамжуулах төхөөрөмж зүүнэ. Түүнчлэн Шүүхээс хэрэгтний явах маршрутыг тогтоож өгөх бөгөөд ял эдэлж буй хүн тогтоосон чиглэлээс гарч, хориглосон бүс рүү явж байгаа бол  ялтныг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ажилтанд дохиолол очих юм. Улмаар шийдвэр гүйцэтгэгч нөхцөл байдлыг хуулийн хүрээнд хянаж, нягтлаад,  дараагийн шатны арга хэмжээг авах хуулийн зохицуулалттай ажээ.

Холбоотой мэдээ