Товлолын дархлаажуулалтыг сайжруулах шаардлага тулгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khandmaa@montsame.gov.mn
2022-04-07 11:02:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Товлолын дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг өчигдөр болсон "Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт" зөвлөлдөх уулзалтын үеэр хөнджээ. Учир нь "КОВИД-19" цар тахлын улмаас товлолын дархлаажуулалтын хамралт тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа аж. 

Тус зөвлөлдөх уулзалтад ЭМЯ, ХӨСҮТ, НҮБ-ийн Хүүхдийн сан, ДЭМБ, НЭМГ, Аймгийн ЭМГ, Дүүргийн ЭМТ-ийн дарга нар, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, хүйтэн хэлхээ хариуцсан бага эмч зэрэг 100 гаруй хүн оролцож халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үндэсний хөтөлбөр (2017-2021)–ийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, дэлхий дахины дархлаажуулалтын хөтөлбөрийн бодлого чиг хандлага зэрэг сэдвээр хэлэлцсэн байна. 


Коронавируст халдвар (КОВИД19)-ын вакциныг Засгийн газар, ЭМЯ, хандивлагч улс орнууд, олон улсын байгууллагын тусламжтайгаар Монгол Улс 8.3 сая тун нөөцийг бүрдүүлж, өнөөгийн байдлаар нийт хүн амыг 5.5 сая тун вакцинаар дархлаажуулжээ. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалт улсын хэмжээнд 53 хувьтай байгаа аж.

Ташрамд дурдахад, бага насны хүүхэд өвчинд илүү өртөмтгий байдаг тул вакциныг тусгай товлолын дагуу аль болох эрт хийдэг. Манай улсад заавал хийх дархлаажуулалтыг хүн амд үнэ төлбөргүйгээр явуулдаг ба 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакцин багтдаг юм.

  1. Сүрьеэ,
  2. Халдварт саа,
  3. Гепатит В,
  4. Сахуу,
  5. Хөхүүл ханиад,
  6. Татран,
  7. Хемопелиус инфлюенза,
  8. Улаанбурхан,
  9. Гахай хавдар,
  10. Улаанууд зэрэг


 

Холбоотой мэдээ