З.Мэндсайхан: Үр тариа, хүнсний ногоо ихээр тарих чиглэлд анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-04-04 17:50:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн салбарт мах, гурилын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой барих чиглэл баримталж буйг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр мэдээлэв. 


Наймдугаар сард 100 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж 12.6 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Үүний 30 хувь нь үхрийнх, 60 хувь нь хониных, 10 хувь нь ямааны мах байгаа аж. Өнгөрсөн сарын 25-наас 468 дэлгүүр, худалдааны төвөөр борлуулж байна. Энэ нөөц долоодугаар сарын 1 буюу нойтон мах зах зээлд гарах хүртэл төв, суурин газрын махны хэрэглээг хангах юм. Өнөөдрийн байдлаар, үхрийн мах 8900, хонины мах 8900, ямааны мах 7100 төгрөг байна. 


Үүнээс гадна гурилын нөөцийг тогтвортой байлгах, үйлдвэрлэлийг нэмэх чиглэлд арга хэмжээ авна гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэлдээ тэмдэглэв. Тэрбээр, "Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жил аль болох их хэмжээний үр тариа, хүнсний ногоо тарих чиглэлд анхаарна. Аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн. Мөн зарим хүнсний бүтээгдэхүүний экспортод хязгаар тогтоох эрхийг ХХААХҮ-ийн сайдад олгохоор хуульд тусгаж байгаа. Судалгаа хийж ямар бүтээгдэхүүний экспортод хязгаар тавих тухай төлөвлөгөө гаргана" хэмээв. 


Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм. 

Холбоотой мэдээ