Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцсон иргэдийн 48.3 хувь нь тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймагт төрийн албаны ерөнхий шалгалтад 254 иргэн бүртгүүлснээс 217 иргэн
шалгалт өгч 105 иргэн буюу 48.3 хувь нь тэнцлээ.
Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар энэ сарын нэгний өдөр нэгэн зэрэг эхэлсэн. Улсын хэмжээнд 7600 гаруй, Завхан аймагт 254 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Дөрөвдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд төрийн албаны ерөнхий шалгалтыг нийт долоон ээлжээр амжилттай зохион байгууллаа.
Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар
зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүрэг бүхий ажлын хэсэг
зохион байгуулсан. Шалгалтад орж буй иргэд хурууны хээгээр бүртгэлээ
баталгаажуулж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан шалгалт эхлэхээс 15
минутын өмнө суудлаа эзэлсэн. Мөн шалгалтын үйл явцыг сонирхсон иргэд хянах
боломжийг бүрдүүлж, Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр давхарт хяналтын дэлгэц
байрлуулж ажилласан. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг,
нийслэлийн шалгалтын үйл явцыг цахимаар хяналаа. Энэ удаагийн
шалгалтын үеэр зөрчил маргаантай асуудал гараагүй байна. Энэ удаагийн
шалгалтад оролцогчид маш сайн бэлтгэсэн нь эхний өдрийн дүнгээс харагдаж
байв.
Учир нь шалгалтын эхний өдөр 128 иргэн шалгалт өгснөөс 63 иргэн буюу
49.2 хувь нь тэнцсэн. Ингээд хоёр өдрийн шалгалтын эцсийн дүнгээр Завхан аймаг
улсын дунджаас дээгүүр үнэлгээтэй шалгууллаа гэж Төрийн албаны зөвлөлийн Завхан
аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв.