“Нусра Фронт” бүлэглэл “Аль-Каида”-гаас тусгаарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-29 09:18:51

ДАМАСК. /ВВС/. Сирийн “Нусра Фронт” террорист бүлэглэл “Аль-Каида” бүлэглэлээс тусгаарлаж байгаагаа мэдэгджээ.

“Нусра Фронт” бүлэглэлийн толгойлогч Абу Мохаммед аль-Жулани дүрс бичлэгээр  дамжуулан хийсэн мэдэгдэлдээ, тус бүлэглэлийн нэрийг “Жабхат Фатех аль-Шам” буюу “Сирийг байлдан дагуулах фронт” гэж өөрчилснийг мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, энэ нь АНУ, ОХУ зэрэг орнуудын сиричүүдийг бөмбөгдөхдөө шалтаг болгон ашиглаж буй үндэслэлүүдийг байхгүй болгох зорилготой юм гэж мэдэгджээ.

Харин АНУ уг мэдэгдлийн хариуд "тус бүлэглэлд өөрчлөлтүүд гарсан ч гэсэн бидний хувьд тэд террорист байгууллага хэвээр байх болно" гэж мэдэгдэв.

“Нусра Фронт” бүлэглэлийн энэ үйлдлийг “Аль-Каида” бүлэглэл дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тус бүлэглэлийн хоёр дахь том толгойлогч Хассан Абу аль-Хаяр “лалын шашин, шүтэн бишрэгчдийн ашиг сонирхлыг болон ариун дайн дэгдээгчдийг хамгаалж болох бүхий л зүйлийг хийхийг “Нусра Фронт” бүлэглэлд даалгасан” гэж мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахиригийн “лалын ахан дүүсийн холбоо ямар ч өөрчлөлт, салан тусгаарлалтаас илүү хүчирхэг” гэж мэдэгдсэнийг дээрх мэдэгдэлд дурджээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ