Дэлхийн эмч нарын өдрөөр Дундговь аймагт

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-03-29 10:38:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дэлхийн эмч нарын өдрөөр Дундговь аймагт олон үйл ажиллагааг зохион байгуулж, шилдэг эмч, мэргэжилтнүүдээ шагнаж, Төв халхын дуулалт жүжгийн театрын хамт олон тоглолтоо өргөлөө.  

Эмч нарын өдрийн баярын хурлын үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр эмч нарт баяр хүргэж, хэлсэн үгэндээ “өнгөрсөн 2 жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахалтай бид нүүр тулан тэмцэхэд эрүүл мэндийн салбарынхан маань тэргүүн эгнээнд улаан бүс, халдварын голомтод ажиллаж, бусад салбараа мэргэжил арга зүйгээр ханган, манлайлан ажилласныг энэхүү баярт өдөр цохон тэмдэглэж, гүн талархал илэрхийлье” гэлээ.

Мөн тэрээр цар тахлын аюулыг даван туулах, халдварын эсрэг хариу арга хэмжээ авахад аймгийн төсвөөс нийт 316,552,000 төгрөгийг зарцуулсан бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс эрүүл мэндийн ажилтны илүү цагт 10 сая төгрөг, оношлуур, хамгаалах хувцас  хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авахад 269.2 сая, бензин шатахуунд 37.3 сая, аймгийн онцгой комисст ирсэн хандив тусламжаас шинжилгээний цэг, пост, тусгаарлах байр байгуулахад 30.3 сая, оношлуур, хамгаалах хувцас  хэрэгсэл худалдан авахад 83.9 сая төгрөгийг тус тус зарцуулсныг танилцуулжээ.

Баярын хурлын үеэр Монгол Улсын Төрийн Дээд шагнал “Алтан газас” одонгоор Эрүүл мэндийн газрын ахмад эмч

З.Должинсүрэнг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Клиникийн профессор”-цол, тэмдгээр Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний эмч  Ч.Ганболорыг, “Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Эрдэнэдалай сумын ЭМТ-ийн дотрын эмч Б.Ган-Эрдэнэ, Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч Г.Улааннаран, Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн эмч Ц.Элбэгмаа, Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Ц.Дэлгэрцэцэг, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал нарыг шагналаа.

Мөн салбартаа тэргүүлсэн эмч, мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”, Дундговь аймгийн “Хүндэт тэмдэг”, аймгийн Засаг  даргын жуух бичиг, Сайнцагаан сумын Засаг даргын жуух бичиг, Залуучуудын холбооны шагналаар болон  Монгол улсын хүний гавъяат эмч  Ш.Готов, гавъяат эмч  М.Баянсан агсны нэрэмжит шагналаар шагнасан байна.

Эмч нарын өдрийг угтаж Монгол улсын хүний гавъяат эмч Б.Ганхөлөгийн нэрэмжит Онол практикийн IX бага хурлыг зохион байгуулж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагчид илтгэл тавьснаас Нэгдсэн эмнэлгийн нүдний эмч Б.Цэрэндуламын “Аксенфельд-Ригерийн хам шинж (Axenfeld Rieger Syndrome)” илтгэлтэргүүн байр эзэлж, Сайнцагаан сумын ЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан А.Мөнхчимэгийн “Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын байрны сэтгэл ханамжид нөлөөлдөг хүчин зүйлсийг илрүүлэх нь” илтгэл,  Гурвансайхан сумын ЭМТ-ийн дарга Э.Лхагвын “Q-Risk шалгуураар цусны даралт ихсэх эмгэгтэй хүмүүст ойрын 10 жилд зүрхний шигдээс, тархины цус харвалтаар хүндрэх эрсдэлийн хувь, зүрхний биологийн насыг тооцсон дүн” илтгэл удаалж, шагналыг Эмч нарын баярын хурлын үеэр гардуулжээ.

Холбоотой мэдээ