Элчин сайд Кобаяаши Хироюкитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-28 10:02:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкитай 2022 онд хамтран төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Тодруулбал, Япон Улсын Засгийн газрын 2021 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши болон Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар гуравдугаар сарын 25-нд гарын үсэг зурав.

Засаг дарга Амгаланбаатар, Япон Улсын ард түмэн болон Засгийн газраас Говь-Алтай аймгийн хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч тусламж үзүүлж байгаад нийт ард иргэдийнхээ нэрийн өмнөөс болон хувийн зүгээс талархаж буйгаа мөн үеэр илэрхийллээ.

Энэхүү төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Цогт сумын цэцэрлэгийн өргөтгөлийн ажил хийгдэж, тус цэцэрлэгийн аюулгүй, тохилог сурч боловсрох орчин сайжрахын зэрэгцээ бүс нутгийн боловсролын  орчин нөхцөл сайжрах аж.

Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 582 дахь Говь-Алтай аймагт хэрэгжих 19 дэх төсөл болж байна. Энэхүү төслийн санхүүжилт олгогдох төсвийн дээд хязгаар нь 249,489 ам.доллар (710,921,000 орчим төгрөг) юм. Мөн энэхүү төсөл нь 2021 оны санхүүгийн жилд “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд батлагдсан сүүлийн төсөл юм. 2021 оны санхүүгийн жилд 11 төсөл хэрэгжих бөгөөд нийтдээ 2,372,256 ам.доллар  (6,905,257,655 орчим төгрөг) -ын санхүүжилт олгогдох юм.


Холбоотой мэдээ