Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн залуучуудтай уулзаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-21 14:34:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрээр яг одоо аймгийн төвд залуучуудтай уулзаж, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж байна.

Улс бүхэн алсын хараатай байх ёстой. Сонгуулийн дөрвөн жилээр алсын харааг тодорхойлохгүй. Бид долоон тэрбумуулаа дэлхийд амьдарч байгаа. Улс бүхэн, залуус бүхэн өөр өөрийнхөөрөө хөгжлийг тодорхойлдог, өөр өөрийнхөөрөө алсын хараагаа тодорхойлдог. Гурван арван жилээр стратегийг тодорхойлсон Шинэ сэргэлтийн бодлогын эхний арван жилийн эхний онд Монголын хөгжилд саад болж байгаа бүхнийг эерэг арга замаар шийднэ. Тухайлбал, далайд гарцгүй нь Монголын хамгийн том сул тал. Үүнийг нөхөхийн тулд боомтын шинэчлэл хийнэ. Энэ хүрээнд Баян-Өлгийн Цагааннуурын боомтыг шинэчилж, чөлөөт бүсийг идэвхжүүлэх юм. Боомтын хүчин чадлаараа манай улс 160 улсаас 130-д эрэмбэлэгддэг. Илүү хурдтай хөгжихийн тулд дэд бүтцээ улам сайжруулна. Эрчим хүч ОХУ-аас авдаг. Үүнийг Монголдоо авч үлдэхийн тулд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах хэрэгтэй" гэлээ.

Залуусын уулзалт дээр Ерөнхий сайд нэгэн шийдвэр танилцуулсан нь Асгатыг ирэх долоо хоногт эдийн засгийн эргэлтэд оруулах тухай байлаа. Шинэ сэргэлтийн бодлого Баян-Өлгийд ингэж эхлэх аж. Түүнчлэн "Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр одоогийн 50 их наядын эдийн засаг 150 их наяд болно. Энд оролцох нь иргэний журамт үүрэг, алсын хараа байх болно" хэмээн Ерөнхий сайд онцлов. 

Уулзалтад Баян-Өлгий аймгийн бүх сумын залуучууд болон залуучуудын байгууллага, төрийн алба хаагчдын 300 гаруй төлөөлөл оролцож байна.   








  

Холбоотой мэдээ