Д.Тогтохсүрэн: "ТҮ-1-3" ангиллын албан хаагчдыг хуучин хэвээр нь ажиллуулах чиглэлийг Засгийн газарт өгсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-21 14:48:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажилласан гишүүдийн мэдээллийг сонссон тухай Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.


Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд гишүүд тойрогтоо олныг хамарсан ажил зохион байгуулж чадаагүй. Харин өнгөрсөн сард Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан гишүүд тойрогтоо ажиллаж, олон нийтийн тулгамдсан асуудлыг сонссон талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллийн эхэнд тодотгов. Тэрбээр, "Гишүүд өнгөрсөн сарын 10-наас энэ сарын 15-ныг хүртэл тойрогтоо ажиллаж Засгийн газраас шийдвэрлэх ямар асуудал иргэдэд тулгамдаж байгааг сонссон. Нэгдүгээрт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын асуудал, тэр дундаа үрийн нөөц, бордоотой холбоотой асуудал байна. Хоёрдугаарт,  малын шүлхий өвчинтэй холбоотой асуудлыг гишүүд нэлээд ярилаа. Гуравдугаарт, хаврын ноолуур бэлтгэх ажил, түүнтэй холбоотой асуудлыг ярьсан. Дөрөвдүгээрт, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, хөлстэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Тавдугаарт, хотын төвийн гэр хорооллын ус, цахилгааны хангамжийн асуудлыг хөндөв. Түүнчлэн 2021-2022 оны хөрөнгө оруулалтын ажлын  явц, үр дүнг хэлэлцлээ. Нийт тулгамдсан 10 гаруй асуудлыг хэлэлцэж, Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтсон. Хуралдаанд Засгийн газрын зарим гишүүд байлцсан" хэмээн товч мэдээлэл өглөө. 


Дээрх мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулав. 


-Хаврын тариалалттай холбоотой ямар хүндрэл гарч байна вэ. Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн үр, бордооны импортод нөлөөлөх үү?


-ХХААХҮ-ийн сайдын мэдээгээр, энэ жилийн хаврын тариалалтад 64 мянган тонн үр шаардлагатай. Түүний 59 мянган тонныг дотоодоос хангах боломжтой. Өнгөрсөн жил ургац сайн авсан тул хүндрэл үүсэхгүй. Харин бордооны импортод асуудал үүсэж болзошгүй. Ямартай ч ОХУ-аас авах бордооны гэрээ хийсэн байгаа. Одоогоор ямар нэгэн саадгүй гэж үзэж байна. 


-Хилээр доллар их хэмжээгээр авч гарч байгаагаас долларын хомсдол үүссэн гэх мэдээлэл гараад байна. Үүнд гишүүд ямар мэдээлэлтэй байна вэ?


-Өнгөрсөн баасан гаргийн бүлгийн ээлжит бус хуралдаанаар эл асуудлыг ярилцсан. Гадагш хилээр бэлэн мөнгө гаргах нь хориотой, хатуу хяналт шалгалттай байдаг. Тиймээс агаарын болон автозам, төмөр замын боомтоор доллар гарч байгаа гэх мэдээлэл ташаа. Манай улсын экспорт маш багассан. Ноднин 11, 12 дугаар сард бараг экспорт зогссон. Одоо зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт төмөр замаар гарч байгаа. Нүүрсний экспортод өдөрт 300-400 орчим машин хилээр гарч байна. Экспорт багассантай холбоотой үүсэж байгаа нөхцөл байдал бий. 


-Бүлгийн хурал дээр үнийн өсөлтийн талаарх асуудлыг хэлэлцсэн үү. Тухайлбал, АИ-92 шатахууны үнэ орон нутагт литр тутамдаа 3000 төгрөг давлаа шүү дээ?


-Манай улсын импорт гацсан. Импортоор авдаг бүтээгдэхүүний нэг нь шатахуун. Өнгөрсөн оны жилийн эцэст нэг тонн нь дэлхийн зах зээлд 70 ам.доллар байсан бол одоо 105-110 ам.доллар болсон байна. Энэ нь Орос-Украины дайнтай холбоотой. Мөн ам.долларын ханш өсөж байгаа нь манай эдийн засагт нөлөөлж байна. Урд хил хаагдаж импорт эрс багассантай холбоотойгоор үнийн өсөлт гарсан. Мөн далайн, агаарын, төмөр замын тээврийн өртөг 5-10 дахин өссөн нь нөлөөлж байгаа. Импорт, экспортын гадны хамааралтай байгаа учраас л барааны үнэ нэмэгдээд байна. Бид аль болох үнийг бага нэмэх, инфляцыг бага түвшинд барих, нөөцөө хадгалах асуудалд анхаарч байна. 


-Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн асуудлыг ярилцсан гэлээ. Төрийн үйлчилгээний албан хаагчдын ТҮ-1-3 зэрэглэлийн ажилчдын хувьд шилжүүлэхээр 2022 оны төсөвт тусгасан. Шүүмжлэл дагуулаад байгаа эл асуудлыг хэлэлцсэн үү?


-2022 оны төсөв батлах үеэр ТҮ-1-3 дугаар ангиллын албан хаагчдыг хувийн хэвшлийн гэрээгээр ажил гүйцэтгүүлж болно гэсэн шийдвэр гарсныг тэдгээр хүмүүс эсэргүүцсэн. Намын бүлэг эл асуудлаар нэгдүгээр сард хэлэлцэж хуучин хэвээр нь ажиллуулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр хамгийн их хэл ам дагуулсан асуудал болсон. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хэлэлцээд, 2021 оны түвшинд нь ажиллуулахад шаардлагатай 25.4 тэрбум төгрөгийг цар тахлын хуулийн дагуу төсвийн зохицуулалт хийж гаргахаар болсныг Бүлгийн хуралд БШУ-ны сайд мэдээлсэн. 


-Хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын даргын хэлсэн үгэнд, гишүүдийн тоог нэмж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах тухай дурдсан. Үндсэн хуульд ойрхон өөрчлөлт оруулах нь хэр зохимжтой вэ. Энэ талаар намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?


-УИХ-ын 57-гоос дээш гишүүний саналаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх байгаа. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь санааны зоргоор болдог асуудал биш. Ард түмний дэмжлэг, улс төрийн нам, эрдэмтэн судлаачдын зөвшилцлөөр өөрчлөлт орно. Мэдээж 2008 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөх ёстой. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах процесс хурдан явагдахгүй. Сонгодог парламенттай болох асуудал олон удаа яригдаж байсан. 2019 оны нэмэлт өөрчлөлтөд тусгаж чадаагүй. 

Холбоотой мэдээ