Томуу томуу төст өвчнөөр 76 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-17 16:14:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар томуу томуу төст өвчнөөр 76 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт амбулаторийн үзлэг 60,70-аас буухгүй байгааг хүүхдийн эмч онцолжээ.

Тус аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг 30 хүүхэд хүлээн авах нормтой хэдий ч 56 ор дэлгэж, мөн хуучин амбулаторийн барилгыг ашиглан 30 ортой хүүхдийн тасаг нээн ажиллуулж, хүүхдүүдээ хүлээн авч байгаа юм.

Амбулаторийн үзлэг, хүүхдийн 2 тасагт нийт 5 эмч ажиллаж байгаа бөгөөд эмч нар хүрэлцэхгүй, ачаалал их байгаа тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгаас нярайн эмчийг татан ажиллуулж байна.

Аймгийн ЭМГ-аас гаргасан томуугийн харуулдан тандалтын 2022 оны 9 дүгээр долоо хоногийн мэдээгээр аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж, амбулаторийн 3073 үзлэгийн 17,5 хувь, түргэн тусламжийн дуудлагын 281 үзлэгийн 44,8 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс  өвчлөл амбулаторийн үзлэгт 6,3 хувь, дуудлагын үзлэгт 9,0 хувиар тус тус өссөн  байна.  

Нийт томуугаар өвчлөгсдийн 88.4 хувийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 5 хүртэлх насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна. Томуу томуу төст өвчний гаралт хүүхдийн дунд өндөр байгаа ба бага насны хүүхдүүд хүндэрч байгаа тул сонор сэрэмжтэй байж, хүүхдээ хүндрэхээс өмнө эмнэлэгт хандахыг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ