Дорнод аймагт хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-15 18:47:35

Дорнод /МОНЦАМЭ/.  Дорнод аймагт хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгээ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн онцоллоо. Учир нь Хөөт-Бичигтийн төмөр зам, Ульхан боомт, Хавирга-Ар хашаатын чиглэлийн авто замын ажил удахгүй эхэлнэ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч, Чойбалсан хотоос Хөөт, Хөөтөөс Бичигтийн боомт хүртэл төмөр зам барьж байгуулах ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар концессоор хийж хэрэгжүүлэхээр болсон юм. Дээрх ажлыг гүйцэтгэх уралдаант шалгаруулалтыг зарлаад байгаа аж. Ийнхүү томоохон бүтээн байгуулалт удахгүй эхлэх гэж байгаа учир төмөр замын трансын дагуу газар тариалан, ХАА-г эрчимжүүлэх бэлтгэлийг одооноос хангах шаардлагатай гэдгийг тэрээр тодотголоо. 

Мөн энэ хавар Баян-Уул-Ульхан, Чойбалсан-Хавиргын боомтын чиглэлд хатуу хучилттай автозам тавих ажил эхлэх гэж байна. Дээрх бүтээн байгуулалтуудыг дагаад эдийн засгийн таатай нөхцөл боломж үүсэх учраас трансын дагуух ХАА-н бүтээгдэхүүнийг экспортод гаргах, ялал жуулчлал, тээвэр логистикийг хөгжүүлэх, терминал төвүүдийг байгуулах шаардлагатай болно. Тиймээс чуулганд оролцогчдод Дорнод аймагт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах саналыг тавина гэлээ. 

Холбоотой мэдээ