“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 30,0 сая мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-15 15:07:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд өнгөрсөн оны хаврын тариалалтаар 44,295 мод, намрын тарилтаар 18,375 мод, нийт 62,670 ширхэг мод, бут тарьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Дундговь аймаг нэгдэн нээлтээ хийж, тус үйл ажиллагаанд төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд оролцон нийт 9,180 мод тарьж суулгасан юм.

Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, БОАЖГ-ын дарга Н.Гантулга болон Сайнцагаан сумын удирдлагууд урилгаар оролцжээ. Энэ үеэр  модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг мөн зохион байгуулсан.




“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулья” хөдөлгөөний хүрээнд Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Мэдээлэл холбоо, сүлжээний газартай хамтран Мандалговь хотын газар доорх дэд бүтэц шугам, сүлжээ, шилэн кабелийн байршлыг тодорхойлж, модны нүх ухах байршлын зургийг нарийвчлан гаргасан байна.

Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сум орон нутгийн хөгжил, өнгө үзэмж, экологийн тэнцвэрт байдал, цөлжилтийн эсрэг үйл ажиллагааг дэмжин Сайнцагаан, Эрдэнэдалай, Өлзийт суманд нийт 900 ширхэг мод бут тарьжээ.

2022 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлж, төлөвлөх, сумын зөвлөх, багш нараа бэлтгэх зорилгоор энэ сарын 22-нд Мандалговь хотноо зөвлөгөөн зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Энэ талаар аймгийн БОАЖГ-ын дарга Н.Гантулгаас тодруулахад “Тэрбум мод” үндэсний хөдлөлгөөний хүрээнд манай аймаг 2030 он хүртэл 30,0 сая мод тарихаар төлөвлөж байгаа. Энэхүү ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд сумдад мод үржүүлгийн газар байгуулах, мод тарих кадастрын зураг гаргах, сургагч багш нараа сургаж бэлтгэх гээд маш олон ажил байгаа. Мэдээллээ солилцож, сургалт хийж, төлөвлөлтөө гаргахаар энэ сарын 22-нд зөвлөгөөн зохион байгуулахаар ажлын баг байгуулж, бэлтгэл ажилдаа ороод байна. Мод тарих ажил 5 дугаар сараас эхэлнэ” гэлээ. 

Холбоотой мэдээ