Ц.Энхсайхан: Багаар ажиллах чадвар амжилтад нөлөөлдөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ын II сургуулийн
Англи хэлний багш Ц.Энхсайханыг энэ удаа онцоллоо. Түүнийг ийн онцлох болсон нь
учиртай.
Тус сургуулийн англи хэлний багш Ц.Энхсайхан гурван хэл эзэмшсэн, ITP-TOEFL-ын аймагтаа шалгалт авах эрхтэй болсон, өөрөө өндөр боловсрол эзэмшсэн гээд давуу чанар ихтэй. Мөн саяхан түүний хичээл ордог 12б ангийн 25 сурагч “Open English Program” онлайнаар гадаад хэлийг сурах сургалтад хоёр сарын турш амжилттай суралцаж, АНУ-ын Пенсильваны их сургуулиас сертификат гардан авсан гээд онцлох амжилтууд ар араасаа хөвөрч байгаа юм.
Ц.Энхсайхан багш ярихдаа: ”-Би энэ сургуульд ирээд
дөрөв дэх жилдээ англи хэлний багшаар ажиллаж байна. Миний хувьд хүүхдүүддээ гадаад хэлийг хэрхэн
сонирхолтойгоор сургах вэ, ямар байдлаар хэрхэн үр дүнтэй сургах вэ гэдэг
талаас их анхаарч, зорьж тэмүүлж хичээлээ заадаг. Энэ ч утгаараа 21 аймгаас
сонгогдож ирсэн багш нарынхаа хамт дөрвөн үе шаттай сургалтад хамрагдаж ментор
багш болсон. Мөн АНУ-ын ETS шалгалт авах эрхтэй сургалтын байгууллагын сургалтад хамрагдаж,
ITPTOEFL-ын шалгалт авах эрхтэй сургагч багш болсон байгаа. Энэ маань зөвхөн
Улаанбаатар хотод авдаг шалгалтыг аймагтаа авах боломжтой болж байгаагаараа маш
том давуу тал юм. Түүнчлэн гадаад хэлээр хүүхдүүдийн унших чадварыг нэмэгдүүлэх
зорилгоор 6-12 ангийн сурагчдын дунд номын клуб ажиллуулж байна. Манай
сургуулийн хүүхдүүдийн гадаад хэлний сургалтын чанар тогтмол өсч байгаа нь манай
сургууль, хамт олны “Би-Бид” гэсэн зарчмыг ягштал баримталж, багаар ажиллаж
чаддаг болсонтой нягт холбоотой” хэмээн ярилаа.